Нэвтрэх хэсэг



Санал асуулга

Танд ямар мэдээлэл хамгийн их хэрэгтэй байна вэ?
 

ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БҮХЭЛДЭЭ МАЛЧДЫН АМЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ЧИГЛЭЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Цэцэнбаатар   
2011 оны 1-р сарын 18, Мягмар гариг, 10:39

Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл төслийн талаар төсөл хэрэгжиж буй аймгийн иргэд аж ахуйн нэгжийн тодорхой хүрээлэл тэр тусмаа салбарын холбогдолтой хүмүүс тодорхой мэдээлэлтэй болсон гэж ойлгож байгаа.

Төслийн хүрээнд нийт өртгийнхөө гуравны нэг орчим хувьд тоног төхөөрөмж нийлүүлж төслийн зорьж буй үр дүн мал аж ахуйн зах зээлийн системийн дутагдалтай байгаа хэсэг газруудад тодорхой дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа юм. Энэ нь эцсийн дүндээ хөдөөгийн малчин ардын амьдралд тэдний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлснээр нөлөөлөх ёстой гэсэн гол санааг илэрхийлэх учиртай.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн хөгжлийн оргил үед малчдын амьдрал утга учиртай, төртэй засагтай гэдгээ мэдэрсэн, өөрсдийн гэсэн тодорхой нийгэмтэй байсан нь сүүлийн жилүүдэд нилээд их үгүйлэгдэж байна гэж ойлгож байгаа. Үүний зэрэгцээ малчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг тодорхой шалгуураар ангилдаггүй, борлуулах сувгууд нь тодорхой бус, гадаад зах зээлд гарах гарц хязгаарлагдмал, боловсруулах үйлдвэрүүд хангалтгүй, эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх асуудал төвөгтэй, бүрэн төлөвшиж чадаагүй байгаа нь ажлын ихийг хийж буй малчдын хувьд хангалттай орлоготой байж чадахгүй байна. Малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг нэмэгдүүлэх, түүнийг цуглуулах, борлуулах сувгийг нэмэгдүүлэх нь тухайн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж өрсөлдөөн бий болгосноор малчдын гар дээр очиж буй орлогын хувь нэмэгдэх учиртай.

Төсөл нийлүүлж буй тоног төхөөрөмжөө төрөл зүйлээр нь 12 багцад ангилсан ч тоног төхөөрөмжүүд нь мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн системд багтаж буй бүхий л оролцогчдын байр суурийг бататгах, чадвахжуулахад чиглэж байна.

 

Тухайлбал малын ноос хяргагч автомат машин нь энгийн малчид, малчдын бүлэгт зориулагдсан бөгөөд энэ нь малын ноос авах ажиллагааг хялбарчлахаас гадна ноосыг шороо чулуу багатай бэлтгэх улмаар түүний үнэлэмжийг өндөр байлгахад чиглэнэ.  Төслөөс нийлүүлж буй ноос хяргагч, хавтгай жин, ноос пресслэгч, эсгий үйлдвэрлэх цех, эсгий гутлын машин, утас ээрэгч, ноос самнагч гээд малын ноосыг бүтээгдэхүүн болгон зах зээлд борлуулах бүх шат дамжлагад хэнд юу хамгийн дутагдалтай байгаад дэмжлэг болох ёстой. Ер нь малын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийн чанар чтандартын асуудал тулгамдаад буй асуудал бөгөөд малчид ядаж өөрсдийн зүгээс хийж чадах хэрхэн арьс ширээ гэмтэлгүй, ноос ноолуураа шороо чулуугүй, махаа ноос хялгасгүй бэлтгэх түүнийгээ зөв сэврээх, тээвэрлэх зэрэг зүйл дээрээ анхаарах хэрэгтэй.

Малчдын амжиргааны гол эх үүсвэр болсон махны зах зээлийн системийн асуудал нь төслийн төдийгүй салбарын хамгийн гол анхаарал хандуулж буй асуудлуудын нэг бөгөөд түүний экспортын болон дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахад төрийн зүгээс ямар оролцоо байх ёстойг зарим тоног төхөөрөмжийнхөө нийлүүлэлтээр тодорхой харуулахыг чухалчилж байна.

Манайхан Монгол мах бол хамгийн чанартай, олон төрлийн витамин, уураг тэжээлээр баялаг гэж ярих дуртай. Гэтэл үнэхээр тийм юм бол түүнийг баталгаажуулж бусад улс оронд сурталчлан таниулах ажил хамгийн их чухал. Гэтэл хэн нэг хүн зүгээр нэг сайхан зураг бариад, сайхан үг хэлээд явахад энэ нь ямар нэгэн үр дүнд хүрэх нь нилээд эргэлзээтэй. Энэ үүднээс Төслийн хүрээнд малын байршил нутаг, өвчний түүх, шилжилт хөдөлгөөн зэргийг бүртгэн түүнийг эцсийн бүтээгдэхүүн дээр шошго болгон хэрэглэж болох мал бүртгэлийн программ хангамжийг нийлүүлээд байна. Хаана үйлдвэрлэсэн, хэн үйлдвэрлэсэн, ямар тэжээл өвс, эм тариа хэрэглэж байсан нь тодорхой биш байгаа цагт Монгол махыг гадны зах зээл дээр өндөр үнээр борлуулах асуудал тодорхой бэрхшээлтэй тулгарсаар байх болно. Ард түмнээ аюултай хүнс тэжээлээс хамгаалахаар боловсруулагдсан тэдгээр орнуудын тавьж буй шаардлагын хамгийн эхний шалгуурт энэ асуудал зүй ёсоор орж байна.

Үүний зэрэгцээ төслөөр нийт 800 гаруй мянган еврогийн өртөгтэй 20 орчим махны шинжилгээний багаж нийлүүлэгдэхэд бэлэн болоод байна. Энэ нь маханд байх уураг, өөх тос, коллаген, чийгийн хувийг түргэн хугацаанд шинжлэн харуулах чадвартай бөгөөд монгол махны чанарын үзүүлэлтийг илэрхийлэн харуулахад үйлдвэрлэгчид болон төрийн мал эмнэлгийн албадад дэмжлэг болох ёстой. Мөн төслөөс УМЭАЦТЛ-д өнгөрсөн онд нийлүүлээд буй “хийн хромотограф, массын спектрометр” нь Монгол малын маханд агуулагдаж байгаа эмийн үлдэгдэл бодисийн хувь хэмжээг олон улсын стандартын дагуу баталгаажуулах боломжийг бий болгож байгаа бөгөөд энэ нь тухайн багажийн олон талт ажиллагааны зөвхөн нэг ашиг тус нь болох юм.

Хэтдээ ашиг тусаа өгөх дээрхи томоохон хөрөнгө оруулалтаас гадна дотоодын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн олон тоног төхөөрөмжүүдийг мөн төслөөс нийлүүлэхээр бэлэн болгоод ойрын өдрүүдээс албан ёсоор суурилуулах ажлыг эхлүүлэхээр бэлтгээд байна. Үүнд мал нядалгааны жижиг оврын 3 шугам, хиамны үйлдвэрийн 10 гаруй нэр төрлийн 160 мянга орчим еврогийн өртөгтэй тоног төхөөрөмжүүд ирээд байгаа юм.

Үүнээс гадна махны худалдааны салбарт ихээхэн дутагдалтай байгаа хөргөлттэй тасалгаа, хөргөлттэй шилэн лангуунуудыг төслийн аймгууд, Улаанбаатар хот дахь махны төвлөрсөн захууд, жижиглэн худалдаа эрхлэгчдэд нийлүүлээд байна. Энэ нь махны худалдаа, хадгалалтын эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах улмаар хэрэглэгчдийн эрүүл аюулгүй хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа бөгөөд цаашид ил задгай мах зарах явдлыг зогсоох нь хүнсний аюулгүй байдлыг хангах нэгэн чухал асуудал болохыг төслийн зүгээс ойлгуулахыг хичээж байна.

Үүний зэрэгцээ төслийн зүгээс хот орчимд байрлах сүү үйлдвэрлэгч фермерүүд, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс өдөрт 1.5 тонн сүү боловсруулах хүчин чадалтай 2 үйлдвэрийн иж бүрэн шугамыг нийлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн 5-р сард орж ирээд одоо угсралтын ажил дуусах шатандаа явж байна. Эдгээрээс гадна сүүн бүтээгдэхүүнийг хадгалах хөргөх тасалгаа, хөргөлттэй лангууг төвлөрсөн хүнсний захууд, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нийлүүлээд байна. Мөн сүү шинжлэгч багажийг хувийн мал эмнэлгүүд, хүнсний захуудын лаборатори, сүү үйлдвэрлэгч нарт нийлүүлэх ажил ирэх сараас хийгдэхээр төлөвлөгдөөд байна.



Энэ бүгдийн үндэс болсон хамгийн чухал зүйл маань мал сүрэг эрүүл байх явдал юм. Манай оронд мал эмнэлгийн үйлчилгээ бизнесийн хэлбэрт шилжих томоохон алхам хийгдээд 10 гаруй жил болоод тодорхой хэмжээгээр өөрийн хэлбэр төлөвөө олох хандлагатай болж байгаа бол цаашид тэдгээрээр хийх ёстой ажлыг нь чанартай хийлгэх асуудал нэн чухал болж байна. Ашгийн бус төрийн үйлчилгээг давхар гүйцэтгэж байгаа, нөгөөтэйгүүр хараахан хөл дээрээ сайн тогтож чадахгүй байгаа хувийн мал эмнэлгүүдийг төрийн бодлогоор дэмжих нь зайлшгүй шаардлагатай юм. Үүний хүрээнд төслөөс нийт 1 сая гаруй еврогийн өртөг бүхий малын дотно гадна паразитийн эсрэг эм, мал эмнэлгийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг төслийн аймаг орон нутагт нийлүүлсэн бөгөөд хувийн мал эмнэлгүүдэд зориулсан олон удаагийн сургалт, семинарыг зохион байгуулж байна.  Биокомбинат улсын үйлдвэрийн газар болон аймаг бүрийн мал эмнэлгүүдийн вакцин хадгалах өрөөнүүдэд хөргөлтийн агрегат суурилуулан, хөргөлт, халаалтын систем бүхий 2 ачааны машин, температурын заалтыг бүртгэх өндөр ач холбогдолтой тоног төхөөрөмжийг мөн Биокомбинатад хүлээлгэн өгөөд байна. Мөн төслийн хүрээнд 100 орчим хувийн мал эмнэлгийн нэгжид эм вакцин хадгалах хөргөгчийг нийлүүлж буй бөгөөд энэ нь бүхлээрээ малын эм, вакциний хадгалалт, тээвэрлэх, эцсийн цэгт хүргэн ашиглах хүртэлх бүх системд тухайн вакцины чанарыг алдагдуулахгүй байлгах хүйтэн хэлхээг бий болгохоор зорьж байна.

Энэ мэтээр төслөөс нийлүүлж буй тоног төхөөрөмжүүд, тэдгээрийг хүлээн авч буй үр шим хүртэгчид, тоног төхөөрөмжийн нийлүүлж буй учир шалтгаан, ач холбогдол, уялдаа холбоо зэргийг дэлгэрэнгүй ярихад нилээд цаг шаардлагатай учраас энд хүрээд төгсгье.

 

Хэл

Хайлт

Мэдээ хүлээн авах

Хуанли

<<  12-Р Сар 2018  >>
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
       1  2
  3  4  5  6  7  8  9
10111213141516
17181920212223
24252627282930
31      

Фото

Архив

Нийт хандалт

187933
ӨнөөдөрӨнөөдөр3332
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт25597
Энэ сардЭнэ сард59842
НийтНийт1879337