ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Баян-өлгий аймагт ажиллаж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa | 2018.03.21 14:37


Монгол Улсын Ерөнхий Сайдаар ахлуулсан Засгийн газрын гишүүдийн баруун аймагт ажиллах томилолт Баян-Өлгий аймагт үргэлжилж байна. Томилолтын бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар ажиллаж байна.

      Засаг захиргааны хувьд 13 сум, 86 багтай Баян-Өлгий аймагт нийт 17200 малчинтай, 9261 малчин өрхтэй, 14976 мал бүхий өрхтэй. Тус аймагт 2017 онд 903.0 мянган эх мал төллөж 856.8 мянган төл хүлээж авсан. 2018 онд 0.9 сая эх мал төллөхөөс 2675 төллөж төл бойжилт 100 хувь байна.

      ХХААХҮ-ийн сайд аймгийн Хөдөө аж ахуйн газруудын ажил байдалтай танилцаж шинээр батлагдан гарсан хуулиуд, үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэлтэй танилцаж, үүрэг чиглэл өгч явна. Тус аймгийн ХААГ хуулиудаа сурталчлан, хэд хэдэн удаа сургалт зохион байгуулсан талаараа ярьж байлаа.

      ХХААХҮ-ийн сайд экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх суурь болох Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлаа эрчимжүүлэх үүрэг өгч,салбартаа сэтгэлтэй, ажилдаа хариуцлагатай байхыг үүрэгдлээ.

        Баян-Өлгий аймгийн хувьд энэ жил зохион байгуулагдах томоохон ажлын талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээлснээр өндөр уулын бэлчээрт хөнөөл учруулж буй царцаатай тэмцэх ажлыг химийн аргаар тус аймгийн бэлчээрийн 20.0 мянга га талбайд зохион байгуулж бэлчээрийн ургамлын нөхөн ургах боломжийг бүрдүүлэх юм байна.

Мөн ХХААХҮ-ийн Сайдын 2018 оны А-40 дугаар тушаалаар улсын төсвийн 95.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Улаанхус, Толбо, Дэлүүн сумдад инженерийн хийцтэй 5 худаг шинээр барьж байгуулах ажлыг зохион байгуулна гэлээ. 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам