Үрийн чанар, хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, ургац алдахгүй байхад анхаарна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.04.05 6:30


Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид хүрэлцэн ирж оролцсон Тариаланчдын улсын зөвлөгөөн (2018.04.04) газар тариалангийн өнөөгийн байдлаа тодорхойлсон, тулгамдсан асуудлынхаа гарц, шийдлийг эрэлхийлсэн, зорилго зорилтоо дэвшүүлсэн бүтээлч, найрсаг уур амьсгал дор амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн улсын зөвлөгөөнийг ХХААХҮЯ-наас “Газар тариалангийн тогтвортой хөгжил” сэдвийн дор зохион байгуулсан. Салбар яамнаас санаачлан боловсруулж, батлуулсан “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” гэсэн Засгийн газрын дунд хугацааны хөтөлбөрүүдтэй болсон нь тариаланчдад нэг талаар урам зориг өгч, нөгөө талаар хийх ажил их байгааг илтгэн харуулж байна. Салбарын хөгжлийг урагшлуулах зорилготой эдгээр хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад бүх талын оролцоо чухал болохыг зөвлөгөөнийг зохион байгуулагчид онцолж байлаа. Ийнхүү тариаланчдын улсын зөвлөгөөний нээлтийн арга хэмжээний дараа “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ”, “Үр тариа” гэсэн хоёр салбар хуралдаан болсон.

Салбар хуралдаануудад ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Ургамал хамгааллын хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо, Монголын жимс жимсгэний холбоо, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо, Увс аймгийн жимс жимсгэний холбоо зэрэг салбарын мэргэжлийн байгууллага, холбоодын төлөөлөл оролцож, тариаланчдад хандсан санал, санаачилга, зөвлөмж өгч, шинэ мэдлэг мэдээлэл, шалгарсан туршлагаа хуваалцаж байсан юм.  

Зөвлөгөөнөөс үр тарианы чанар, хөрсний үржил шимд анхаарах, байгалийн давагдашгүй хүчин зүйл болон гарч болзошгүй эрсдэлд тариаланчид бэлэн байдлаа хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, тариалалт, хадгалалт, борлуулалтад шинжлэх ухааны тооцоо судалгааг харгалзах, шинэ техник технологи, инноваци, менежментийн шинэ арга барил нэвтрүүлэх зэрэг санал гарч байлаа.

ҮР ТАРИАГААР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ БҮРЭН ХАНГАНА

 “Үр тариа” салбар хуралдааны эхэнд, “Газар тариалангийн салбарын 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун танилцуулга хийлээ. 2017 онд нийт 393,6 мянга-д үр тариа тариалж, 234 мянган тонн ургац хураан авсан байдаг. 124 мянга га талбайн ургац алдсанаас болж, буудайн дотоодын хэрэгцээний 54 хувь, төмсний 80 хувь, хүнсний ногооны 45 хувь, тэжээлийн 50 хувь, тосны ургамлын 37 хувийг хангасан байдаг.

Энэ онд улсын хэмжээгээр 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай,  15.5 мянган га-д төмс,  8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийнэ. Ингэснээр 538.4 мянган тонн үр тариа, үүнээс 518.7 мянган тонн улаанбуудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64.0 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлжээ.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтад 14 аймгийн 1480 гаруй аж ахуйн нэгж иргэн ажиллах бол төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 470 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ зун олон жилийн дундажтай харьцуулахад халуун байх төлөвтэй байгаа тул тариаланчдыг сэрэмжтэй байж, ургац алдахгүй байх тал дээр илүү их хүчин чармайлт гаргаж ажиллахыг уриаллаа.

2018 оны тариалалтад 60 мянган тонн үрийн буудай,  шаардлагатай байгаа бөгөөд үүнээс 52,8 мянган тонныг нөөцөлжээ. Мөн 22 мянган тонн шатахуун, 9 тонн ариутгалын бодис, 3700 тонн бордоо шаардлагатай учраас нөөц бүрдүүлэхэд зориулж, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас урьдчилгаа төлбөртэй зээл олгоно. Тариалангийн салбарт хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнээс дурдвал, ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сэлэнгэ аймагт 2000 тоннын үрийн агуулахтай 15,0 мянган тонн багтаамжтай элеватор, Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв тус тус байгуулахаар төлөвлөж байгаагаа ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун танилцууллаа. 

Мөн үр тариа, хүнсний ногооны техникт технологийн шинэчлэл хийж, усалгааны шинэ системд нэвтрүүлэх юм. Түүнчлэн улаан буудайн даатгалд 2017 онд 9 аж ахуйн нэгж нийт 817 га талбайгаа даатгалд хамруулж, 211 сая төгрөгийн нөхөн төлбөр авсан бөгөөд ийнхүү даатгуулсанаар тариалан эрхлэгчдэд учрах санхүүгийн эрсдэл буурч, хөрөнгө оруулалт, бүтээмжийг нэмэгдүүлэхийг энэ үеэр онцолсон.

Салбар хуралдааны үеэр 2018 оны хаврын тариалалтад баримтлах ерөнхий зөвлөмж мэдээллийг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Баярсүх өгсөн. Тэрбээр, жилийн жилд хөрсний үржил шим буурч байна, түүнийгээ дагаад байгаль цаг уурын өөрчлөлтөд амархан өртөж байгааг тариаланчдад хандан хэллээ. Судалгаагаар атар талбайн ялзмаг 4,4 хувьтай байдаг бол атаршсан талбайн ялзмаг 0,8 хувьтай байгаа нь хөрсөө сайтар хамгаалж, хөрс боловсруулалт, бордоо ашиглалтдаа анхаарах цаг болсныг илтгэж байгаа юм.

Монгол Улс атар газар эзэмшсэнээс хойш 60 жилийн түүхэн хугацаанд хагалж боловсруулж, хавж элдэншүүлэх, цомхотгосон системээр хөрсөө боловсруулж байсан бол өнөөдөр элдэншүүлэггүй тариаланг бордоотой хослуулж байна. Цаашид хучлага бүхий тариалангийн аргаар хөрсөө боловсруулах аргыг Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс судалж, туршиж байгаа юм. Туршилтаар энэ технологи нь хөрсний элэгдлийг бүрэн зогсоож, ялзмагийн задралыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой болох нь тогтоогдож байгааг мэдээллээ. Мөн энэ үеэр элдэншүүлэггүй талбайд гербицид цацахдаа гербицидийн сонголт, хадгалалтын горим, цацах хугацаа, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаандаа сайтар анхаарах хэрэгтэй байгааг анхааруулсан юм.

Зөвлөгөөнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан оролцож, үрийн чанар, аюулгүй байдалд хэрхэн анхаарах талаар тариаланчдад хандаж мэдээлэл, зөвлөмж өглөө. Тус газраас импортын улаан буудайн шинж чанарт хяналт, шалгалт хийж байна. Мөн ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран 2018 онд тариалах 10 сортын 25 мянган тонн үрийн нөөцийг бүрдүүлээд байна. Улаанбуудайн нэгдүгээр ангийн үр нь 99 хувийн цэвэржилттэй, 95 хувийн соёололттой, 15 хувийн чийгтэй, 1 кг-д 5 ширхэг хог ургамал байдаг бөгөөд II, III ангийн үр болоод ирэхээр энэ хувь буурдаг байна.

Монгол орны хөрсөнд ургасан бүтээгдэхүүн нь байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож, биологийн онцгой шинжийг хадгалсан нэн цэвэр байх ёстой гэдгийг сайтар ухамсарлаж, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, өндөр сахилга хариуцлагатай ажиллахыг тариаланчдад хандан хүслээ. Зөвлөгөөний үеэр тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал, ургамал хамгааллын мэдээллийн системийг танилцуулж, тариалангийн талбайн хөнөөлт организмтай хэрхэн тэмцэх талаар арга зүйн зөвлөмж өглөө.

ЖИМС ЖИМСГЭНИЙ НЭР ТӨРЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НАРИЙН НОГООГООР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАНА

Хуралдааны эхэнд, “Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар танилцуулга хийсэн. Тэрбээр, төрөөс жимс жимсгэний тариалалт, хураалт, хадгалалт, борлуулалтын нэмэгдсэн өртгийн сүлжээг бий болгон гадаад, дотоод зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах бодлого барьж байгааг онцолсон юм. Мөн жимс, жимсгэний нэр төрлийг нэмэгдүүлэх, тариалалтад инноваци нэвтрүүлэх, борлуулалтыг өсгөхийн тулд менежментийн шинэ арга барил хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Хүн амыг амин дэмээр баялаг төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнээр тогтвортой хангахад салбар яам бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг санаачлан боловсруулж, Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж байна.

Жимс, жимсгэнэ хөтөлбөр нь жимс, жимсгэнийн нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн чацарганын тариалалтыг 10 мянган га, бусад төрлийн жимс, жимсгэнийн тариалалтыг 2 мянган га талбайд хүргэх зорилготой. Мөн жимс, жимсгэнийн тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ. Бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх зорилгоор маркетингийн стратеги боловсруулна.

Эдгээр зорилго, зорилтыг биелүүлэхийн тулд чацаргана, алим, чавга, үхрийн нүд зэрэг  жимс жимсгэнийн 191 мянган ширхэг суулгац, 5 га-ийн дуслын усалгааны төхөөрөмж, нийлэг хальсан хүлэмжийг тус тус хүүгүй зээлээр олгож байна. Мөн шинээр тариалж, үр жимсээ өгсөн модонд урамшуулал олгох шинэ журам боловсруулсан. Жимс, жимсгэнийн талбайг хашаажуулах, ойн зурвас, услалтын систем шинээр байгуулах зэрэг олон арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

“Хүнсний ногоо хөтөлбөр нь өрхийн тариалан эрхлэгч болон хүнсний ногооны төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоог дэмжих замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ жилийн турш тогтвортой хангах зорилготой.

Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд хүнсний ногооны нэр төрөл, хамгаалагдсан тариалангийн үйлдвэрлэл, хүнсний ногооны техник, агуулах, зоорины хангамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Үүнд, бага, дунд оврын тракторт тохирох хүнсний ногооны иж бүрдэл техникийг хүүгүй зээлээр олгох, хүнсний ногооны 14 нэр төрлийн 18 тонн үрийг өрхийн тариалан эрхлэгчдэд аймаг, нийслэлийн ХХАА-н газраар дамжуулан буцалтгүй дэмжлэгээр олгох зэргийг дурдаж болно. Түүнчлэн үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ  сорт турших, нутагшуулж, ургамал хамгаалал, хөрсний үржил шим сайжруулах, бордох систем, усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлуудыг хийнэ.  

Мөн “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хэрэв уг төсөл амжилттай хэрэгжвэл жилдээ 6,4 мянган тонн нарийн ногоо үйлдвэрлэж, жилийн дөрвөн улиралд иргэдээ шинэ ургацын нарийн ногоогоор хангах боломжтой болох юм.

Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх санал, төрөөс хүсч буй дэмжлэгийн талаар Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны захирал Т.Төрмандах илтгэл тавьсан. Хувийн хэвшлийнхний зүгээс газар тариалангийн санхүүжилтийг боловсронгуй болгож, хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээл олгохыг хүсч байна. Мөн дотооддоо үйлдвэрлэдэггүй зарим хүнсний ногооны үрийг гааль НӨАТ-аас чөлөөлөх, хүнсний ногоо тариалах, арчлах, хураах техникүүдийг бага хүүтэй, урт хугацааны лизингээр олгохыг хүслээ. Түүнчлэн дотооддоо үйлдвэрлэсэн төмс, хүнсний ногоонд урамшуулал олгох, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн бөөний зах байгуулахад дэмжих хэрэгтэй байгааг хэллээ.  

Зөвлөгөөний үеэр хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх санал, “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага зэрэг сэдвээр туршлага хуваалцсан бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төлөөлөл өөрсдийн хэрэгжүүлж буй төслийн талаар мэдээлэл хийснийг дурдах хэрэгтэй. Төгсгөлд нь, зөвлөгөөнд оролцогч тариаланч, ногоочид, жимсчид өөрсдийн санал, байр сууриа илэрхийллээ.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам