Малын генетик нөөцийн тухай хуулийг дагалдан гарах эрх зүйн баримт бичгүүдийн талаар зөвлөлдөх уулзалт боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.04.10 13:47


Малын генетик нөөцийн тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 14-нд батлагдаж, хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол гарсан байдаг. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 7 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, Засгийн газрын тогтоолын 9 төсөл, 15 журам, 18 технологийн заавар, гурван стандарт дагалдан гарах учиртай. Эдгээр эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах чиглэлээр ХХААХҮ-ийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна.

        Ажлын хэсэгт ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газрын холбогдох мэргэжилтнүүд багтсан бөгөөд өнөөдөр Малын генетик нөөцийн тухай хууль, түүнийг дагалдаж гарах журмуудын талаар зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Мал зүйч, үржүүлэгчдийн холбоо, Монгол Улсын гавьяат мал зүйчид, эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, эрдэмтэд, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл, мал зүйч мэргэжилтнүүд оролцож, санал бодлоо солилцсон юм. 

  

Малын генетик нөөцийн тухай хууль нь мал болон ашиг шимийг нь ашигладаг тэжээвэр амьтны генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

        Малын үүлдэрлэг байдлыг сайжирч ашиг шим өсөн, шинэ үүлдэр, омог бий болж, эрсдэл даах чадвар нэмэгдэн, мал үржүүлэг, технологийн ажилд биотехнологийн ололт нэвтрэх, тэжээллэг, аюулгүй хүнс үйлдвэрлэх, улмаар мал аж ахуйн салбар эдийн засгийн эргэлтэд орох зэрэг эерэг өөрчлөлт гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Малчин, мал бүхий иргэд, хуулийн этгээд, төрийн байгууллагын эрх, үүрэг, оролцоог сайтар тусгаж өгсөн хууль 2018 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам