“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.04.10 16:59


Монгол Улсын хүн ам 2017 оны урьдчилсан дүнгээр 3.2 саяд хүрсэн. Нийт хүн амын 37.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Монголчууд бид цаг хугацааны хувьд эртний үндэстэн боловч хүн амын гуравны нэгээс илүү хувийг хүүхэд эзэлж байгаа тул насны хувьд залуу үндэстэн юм. Дотоодын хэрэглэгчийн зах зээлийн 30 гаруй хувийг бүрдүүлж байгаа хүүхдэд чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, борлуулалтыг дэмжих, экспортын чиг баримжаатай салбарыг хөгжүүлэх бодит шаардлага тулгарч байна. 

        Тиймээс дээр дурдсан асуудлыг шийдэх төдийгүй үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь долоо хоногт зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Тогтоолыг энд дарж үзнэ үү. 

        Уг үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Засаг дарга болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, холбогдох төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулах юм.

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар дараах ач холбогдолтой. Үүнд:

- Үзэсгэлэн худалдааг Эх үрсийн баярыг угтаж жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь долоо хоногт зохион байгуулснаар хүүхдэд зориулсан дотоодын хөнгөн, хүнсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нь бодитой дэмжих нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.

- Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёл, хандлагыг хүүхэд, өсвөр залуу үеийнхэнд бий болгож төлөвшүүлнэ. Дотоодын хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг дэмжих мэдлэг ухамсар бүхий ирээдүйн хэрэглэгчдийг бэлтгэнэ.

- Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний нэр, төрөл нэмэгдэж, чанар нь сайжирна.

- “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарын “Монголд үйлдвэрлэв” арга хэмжээтэй адил олон нийтийн дунд нэр хүндтэй арга хэмжээг бий болгоно.

- Олон улсын зах зээлд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох “high value-low volume” стратеги бүхий салбарыг хөгжүүлэх урьдчилсан нөхцлийг хангана.

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож байхыг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, хэрэглэгчид та бүхэнд уриалж байна.       


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам