“Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ыг шинээр байгуулах бүтээн байгуулалтын ажил Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.04.10 14:41


Манай улс 1953 онд малын чанар сайжруулах үржлийн  ажилд малын нөхөн үржихүйн биотехнологийн хамгийн хямд, оновчтой, хялбар аргын нэг болсон зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг анхлан нэвтрүүлж, 1958 онд “Малын зохиомол хээлтүүлгийн төв станц”-ийг байгуулсанаар одоогийн Малын удмын сангийн үндэсний төвийн суурь тавигдсан билээ.

        Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн үндсэн үйл ажиллагаа нь мал сүргийг генийн түвшинд төрийн хамгаалалтад авч, малын үржлийн ажил, үйлчилгээнд биотехнологи, генийн инженерчлэлийн дэвшилтэт аргыг нэвтрүүлснээр малын ашиг шим, бүтээмжийг нэмэгдүүлэн мах, сүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, улмаар мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгод чиглэгддэг юм. 

Өнөөдөр Малын удмын сангийн үндэсний төвд хээлтүүлэгч малын үр үйлдвэрлэх, хөврөл үр үйлдвэрлэх, генетик судалгаа хийх, малын зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг зохион байгуулах орчин үеийн шаардлагад нийцсэн дэд бүтэц байхгүй байгаа учраас энэ ажил, үйлчилгээний цар хүрээ нэмэгдэхгүй байгаа билээ. Иймээс тус төвийн үйл ажиллагааг нь өргөжүүлэн, олон улсын жишигт хүргэх зорилгоор УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрт “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ыг шинээр байгуулах томоохон зорилтыг тусган хэрэгжүүлж байгаа билээ. 

        Энэхүү ажлыг 2011 оноос эхлүүлэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 22,3 га газрыг авч, инженер-геологийн судалгаа болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийсний үндсэн дээр цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, ерөнхий төлөвлөгөө, иж бүрэн зураг төслийг гүйцэтгэн, 2 үе шаттайгаар төлөвлөн,  2013 оноос эхлэн эхний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэнбөгөөд барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “НАБСАН” ХХК, зам, талбай, тохижилт, гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчээр “Саруул харгуй” ХХК захиалагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Яамтай гэрээ байгуулан ажиллалаа. 

 Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Буурлын энгэр хэмээх сайхан газарт хийж байгаа цогцолборын эхний ээлжийн ажлын гүйцэтгэж дуусаад 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон барилга, байгууламжийг Байнгын ашиглалтад авах  Улсын комисст  хүлээн захиргаа, үйлдвэрлэл, малын зориулалттай 18 барилгыг инженерийн иж бүрэн шугам сүлжээний хамт хүлээн авлаа. Цогцолборыг байгуулахад 2011-2017 онд нийт 16,2  тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан байна.

        Цогцолборт баригдсан барилга байгууламж, тухайлбал, нөхөн үржихүй, биотехнологийн лабораториуд, үр үйлдвэрлэл, зохиомол хээлтүүлгийн байрууд, малын байрнуудад дэлхийн Мал үржлийн үндэсний төвүүдийн  жишигт нийцсэн тоног, төхөөрөмжүүдийг судлан нийлүүлэх, үржлийн болон донор малуудыг бэлтгэхэд гадаад орнуудтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтуудыг хийх зайлшгүй шаардлагатай байгаа ба энэ чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Малын удмын сангийн үндэсний төв эрэлхийлэн ажиллаж байна. 

Ийнхүү цогцолбор байгуулагдсанаар Монгол улсын малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, сайжруулах, ашиглах үндэсний чадавхи бий болж, үйл ажиллагаа нь мал, амьтны удмын санг хамгаалан, малын үндэсний генийн санг бүрдүүлэх,  цөм сүргийн малын гарваль, ашиг шимийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагаанд  тулгуурлан нутгийн шилдэг омог, үүлдэр, гадаадын арвин ашиг шимт мал, амьтны шалгарсан удмыг сайжруулагчаар ашиглах болон биотехнологи, генийн инженерчлэлийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэх замаар донор сүрэг бий болгож гүн хөлдөөсөн үр, хөврөл үр үйлдвэрлэх, шилжүүлэн суулгах, малд зохиомол хээлтүүлэг хийнэ.

Мөн Монгол малын генийн санг зохистой ашиглах, хадгалах, түүний ашигтай онцлог шинж чанар, удам зүйн дэвшлийг сурталчилах, түгээх ажил, үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулахад  чиглэгдэнэ. Түүнчлэн олон зуун жил мал аж ахуй эрхлэх явцад бий болсон нүүдлийн соёл иргэншил, монгол ахуй, ёс заншлыг өөрийн орны иргэд, хүүхэд, залуучуудад болон дэлхий дахинд таниулж сурталчлах таатай орчин бүрдэх юм.

        Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын хүсэлтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын удмын сангийн үндэсний төвийн удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллаж, Монголын мал аж ахуйн салбарын үржүүлэг, биотехнологи, нөхөн үржихүйн ажил үйлчилгээ, цөм сүргийн мал бүхий орон нутгийн салбаруудын үйл ажиллагаа болон шинээр байгуулагдаж буй Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаа эхэлснээр Дархан-Уул аймагтай хэрхэн ажиллах чиглэлээр ярилцлага зохион байгууллаа. 

Дархан-Уул аймгийн тухайд төвийн бүсийн тулгуур төв, Монгол Улсын таримлын болон малын генийн сан энэхүү аймагт төвлөрөн байрлах болсноор бүсчилсэн хөгжлийн бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн төвийн бүсэд газар тариалантай хосолсон эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд олон таатай нөхцөлүүд бүрдэх юм.  


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам