ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Мал сүргээ эрсдэлээс хамгаална

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa | 2018.04.27 15:52


Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сараас эхэлнэ

Засгийн газрын хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар шийдвэрлэлээ.

Засгийн газар улс орны эдийн засгийн тулгуур салбар болсон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, хүн ардаа баталгаатай, чанартай хүнсээр хангаж улмаар гадаад улс орнуудын эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн “Хүнс экспортлогч улс” болох зорилт тавьж байгаа юм.  

Энэ зорилтыг хангахын тулд мал сүргээ болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, мал үржүүлэг, технологийн ажлыг бүх нийтийг хамарсан  үр дүнтэй ажил болгон орон даяар зохион байгуулдаг болох  шаардлага гараад байгаа юм.

Иймээс  ХХААХҮЯ-наас жил бүр мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон мал үржүүлэг, технологийн ажлын нэгдсэн график, төлөвлөгөөг гарган баталгаажуулж, түүнийг мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж ажиллах юм.

Мөн мал сүргийг гоц халдварт, халдварт болон гадна, дотно шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтоосон цаг хугацаанд зохион байгуулж, Улсын хэмжээнд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж, Засгийн газарт хүргүүлж ажиллана.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам