Хүүхдийн сурагч цүнх, гутлын зах зээлд нэвтрэхийг зорьж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.05.16 20:21


ХХААХҮЯ-наас хөнгөн үйлдвэрийн салбараа сэргээн хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрүүдээ чадавхжуулах, техник технологийн шинэчлэл хийхэд нь дэмжлэг үзүүлэх, мэргэжил-мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Үүний нэг жишээ нь гутлын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шат дараатай сайжруулалт хийж байна.  

Манай улсад 40 орчим гутлын үйлдвэртэй, жилд дунджаар 1 сая хос гутал үйлдвэрлэдэг гэсэн статистик бий. Энэ зах зээлд одоогоор “Хос аз”, “Best shoes” үйлдвэрүүд тэргүүлдэг. Тэгвэл “Хорол коллекшн” зэрэг жижиг үйлдвэрүүд дунд үйлдвэр болох зорилт тавин ажиллаж байна. Тиймээс салбар яам эдгээр үйлдвэрийн удирдлага, бүтэц зохион байгуулалт болон тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажлын байрны ая тух, орчин нөхцөлийг сайжруулах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор мэргэжлийн зөвлөх, профессорын багаар арга зүйн зөвлөгөө өгүүлж, бодлогоор дэмжиж байна гэж ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Амаржаргал хэллээ.

Энэхүү бодлогын дэмжлэгийн үр дүнтэй газар дээр нь танилцахаар өнөөдөр ХХААХҮЯ-ны төлөөлөл “Хорол коллекшн” ХХК-ийн гутлын үйлдвэр дээр ажиллалаа. 

“Хорол Коллекшн” ХХК нь 2007 оноос монгол арьс ширэн урлал, жижиг эдлэл үйлдвэрлэж эхэлсэн. Анх 6 хүнтэй ажиллаж байсан бол одоо 40 гаруй ажилтантай. Нийт ажилчдын 40% нь гурваас дээш жилийн туршлагатай, 12% нь гутал арьсан эдлэлийн дизайнер, зохион бүтээгч, үлдсэн хувь нь мэргэжлийн ажилчид ажиллаж байна. 2011 оноос годон гутлын технологид үндэслэн тусгай технологиор боловсруулсан монгол адууны арьс ширээр эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, дулаахан, хөнгөн, монгол үндэсний гутлыг шинээр үйлдвэрлэн “Хөөндий” брэндээрээ зах зээлд танигдсан үйлдвэр.

Үүнээс хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн “OUZEL” нэрийн бүх төрлийн хөдөлмөр хамгаалал, цэрэг, цагдаагийн, тусгай зориулалтын гутал, бусад эдлэл хэрэглэл, 4 улирлын гоёлын ба өдөр тутмын гутал үйлдвэрлэж байна гэж тус компанийн дэд захирал Х.Солонго мэдээлсэн.

Цаашид хүүхдийн сурагч цүнх, гутал монгол хүүхдийн биеийн онцлогт тохируулан үйлдвэрлэж, хүүхэд залуучуудынхаа хэрэгцээнд нийлүүлэхээр зорьж байна гэв. Тус үйлдвэрт мэргэжлийн зөвлөх, профессын баг ажилласнаар бүтээгдэхүүнийх нь чанар дээшилж, ажилчдын ачаалал багасан, ур чадвар, бүтээмжид суурилсан цалин хөлсний систем нэвтэрч байгааг ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн технологийн тэнхмийнхэн хэллээ.

Ингээд "Хорол коллекшн" ХХК-ийн гутлын үйлдвэртэй танилцсан зургаас хүргэж байна. 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам