Төрийн байгууллагуудыг дотоодын үйлдвэрээс худалдан авалт хийхийг уриалж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.06.05 20:01


"Дотоодын үйлдвэрлэл-төрийн худалдан авалт" үзэсгэлэн, семинар, хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.

Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодтой хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх, төрийн худалдан авалтад нийлүүлэх үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дөрөв дэх жилдээ зохион байгуулсан.

Хэлэлцүүлгийг нээж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ: “ХХААХҮЯ-наас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл-Монгол хүн” зорилт тавин, “Атрын III аян”, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг тус тус өрнүүлж байна. Мөн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, ядуурлыг бууруулах, улс орны эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор “Үйлдвэржилт 21:100”, “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо”, “Ноолуур” хөтөлбөрийг боловсруулан батлууллаа. Бидний цаашдын зорилго нь Монгол үндэсний ёс заншил, нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлогийг тусгасан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах төдийгүй олон улсын зах зээлд гарах юм” гэдгийг онцлон тэмдэглэлээ.    

Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Сангийн яам, Стандарт хэмжил зүйн газар, Төрийн бодлого, зохицуулалтын газар, МҮХАҮТ-ын холбогдох албаны хүмүүс илтгэл тавьж, төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид оролцсон.

Хэлэлцүүлэг бүхэлдээ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүний хэрэгжилт, худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тендерт оролцогчдод тулгардаг бэрхшээл, туршлага, сайжруулах асуудлууд, тохирлын гэрчилгээ авах журам зааварчилгаа зэрэг асуудалд төвлөрсөн юм.

Хэлэлцүүлгийн үеэр төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээрээ 40 орчим аж ахуйн нэгж үзэсгэлэн гаргасан байлаа.  

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглож, Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-ыг баталсан байдаг. Энэхүү жагсаалттай танилцахыг хүсвэл энд дарна уу.  

2016 онд хийгдсэн төрийн худалдан авалтын тайланг авч үзвэл, давхардсан тоогоор 1200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагаас 193.7 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн худалдан авчээ. Үүнээс нийт дүнгийн 76% буюу 147,5 тэрбум төгрөгийн дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 2.4 дахин өссөн үзүүлэлт юм.

Монгол Улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ худалдан авч, дэмжин хөгжүүлэх нь аж ахуйн нэгж, иргэн бүрийн эрхэм үүрэг. Энэ ч үүднээс төрийн байгууллага бүрийг үндэсний эрх ашгийг дээдлэн, дотоодын үйлдвэрээ дэмжсэн худалдан авалт хийж байхыг уриалж байна.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам