“Олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт” Монголд анх удаа болж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2018.06.11 17:43


Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалтын нээлт ёслол төгөлдөр боллоо. Монголд анх удаа зохион байгуулж буй энэхүү олон улсын уулзалт “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвийн дор 6 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд таван өдрийн турш үргэлжилнэ. Уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр хамтран зохион байгуулж байна. 

Энэ удаагийн 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, ХХААХҮЯ болон түүний харьяа мал аж ахуйн асуудал хариуцсан холбогдох албаны хүмүүс, мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна. 

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр хурлын Зочид, төлөөлөгчдөд хандан уншиж танилцуулсан. Мөн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир оролцсон. Ийнхүү даян дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид оролцсон олон улсын хурлыг нээж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг үг хэлсэн юм. 

Тэрбээр, “Өнөөдөр дэлхий даяар ядуурал, өлсгөлөнг бууруулах нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд тогтвортой хөгжлийн зайлшгүй шаардлага болоод байна. Нэн ялангуяа хөгжиж буй улс орнуудад тохиолдож буй хүн ам, эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор ирэх 30 жилд мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ 70 орчим хувиар нэмэгдэх хандлагатай байна. Иймээс дэлхий нийтээрээ мал аж ахуйн салбарын тогтвортой үйлдвэрлэл, өсөлтийг бий болгон түүний байгалийн нөөцийн үр бүтээмжтэй ашиглалтыг дэмжих замаар тулгамдсан асуудлуудаа шийвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар зорьж байна. Энэ удаагийн хурлаар нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа улс орнуудын цаг уур, бэлчээр, байгалийн нөөц, экосистемийн онцлогт тохирсон мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэхэд Монгол Улсын байр суурийг Та бүхэнтэй хуваалцан олон чухал хамтын шийдвэрт хүрнэ гэдэгт би итгэл дүүрэн байна” гэдгийг цохон тэмдэглэлээ.

Уулзалтын эхний өдрийн арга хэмжээг Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер удирдан явуулж байна. Ноён Шнайдер байгаль орчинд ээлтэй мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлнэ гэдэг амаргүй. Бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлж чадахгүй бол бэлчээрийн даац хэтэрч, газар тариалангийн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Тогтвортой мал аж ахуй гэдэг нь бусад салбартай зохицон хөгжихийг л хэлээд байгаа юм. Тиймээс Монгол Улсын тухайд, цаашид нүүдлийн мал аж ахуйг тогтвортой эрхлэх боломж бий. Гол нь малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулах нь зүйтэй гэдэг зөвлөмж өгч байлаа. 

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн 8 дугаар уулзалтаар олон чухал асуудлыг дэвшүүлэн тавьж, хэлэлцэж байна. Тэр дундаа “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” гэсэн сэдэвтэйгээ уялдуулан байгалийн нөөц болон бэлчээр ашиглалт, хүнс, хүнсний хангамж, тогтвортой мал аж ахуйд хөрөнгө оруулах нь зэрэг асуудлыг хөндөн тавьж байна. Уулзалтаар онцолж буй өөр нэг асуудал бол малчдын тогтвортой амьжиргаа, малчдын боловсрол, жендерийн тэгш байдал. Энэ ч утгаараа уулзалтын гол илтгэгчдийн тоонд Баянхонгор аймгийн Богд сумын малчин Ц.Буяннэмэх 300 мянга гаруй малчдаа төлөөлөн Монгол малчид тогтвортой хөгжлийн төлөө сэдвээр илтгэл тавьсан. 

Монгол Улсын нийт газар нутгийн 73.5 хувь буюу 114.9 сая га талбайг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 53.9 хувь нь ажиллаж, хөдөлмөрлөж байна. Энэ салбар жилдээ ДНБ-ий 31.2 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 7.4 их наяд төгрөг эргэлдэж байна. Тэр дундаа 2017 оны байдлаар мал аж ахуйн салбарт 343.7 мянган тонн мах, 891.5 мянган тонн сүү, 29.1 мянган тонн ноос, 9.4 мянган тонн ноолуур, 14 сая ширхэг арьс шир үйлдвэрлэжээ. Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас уламжлалт бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, хот суурин газар, газар тариалангийн бүс нутгаа түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна. Цаашид мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хамгийн гол нь тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх боломжийн талаар дэлхийн бусад орноос туршлага солилцож байна.

 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам