Хамтран ажилласнаар салбараа хөгжүүлж чадна гэж ой, модны үйлдвэрлэл эрхлэгчид үзэж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.06.20 15:15


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ойчид, мод үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо хамтран “Хамтын ажиллагаа-хөгжлийн тулгуур” сэдэвт Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн өнөөдөр (2018.06.20) зохион байгуулж байна. Зөвлөгөөний үеэр ой, модны үйлдвэрлэлийн хөгжлийн боломж, ойн нөөц ашиглалт, модон эдлэл, тавилгын үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна.

Зөвлөгөөнийг нээж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ, "Бид хүчээ нэгтгэж хамтарч ажиллаж чадвал ойрын хугацаанд үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдүүлж, мод, модон эдлэл, тавилгын дотоодын хэрэгцээг бүрэн ханган, ойгоо цэвэрлэсний үр дүнд эдийн засгийн эргэлтэд оруулж, олон ажлын байр шинээр бий болгох боломж бүрэн байна” гэлээ. Тэрбээр, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, ойртон нягтарч, орчин үеийн шинэ, шинэ технологи, өндөр үр ашигтай ой, модны үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийг нийт үйлдвэрлэл эрхлэгчдэд хандан уриалсан юм.

Монгол Улсын ой, модны үйлдвэрлэлийн салбарт 450 орчим үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, энэ салбарт 6000 гаруй хүн ажиллаж, жилдээ 220 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс 90 хувь нь 5-10 ажилчинтай жижиг үйлдвэр байгаа бол 10 хувь нь 30-300 хүртэлх ажилтантай дунд аж ахуйн нэгжүүд бий. Үйлдвэрлэлийн чиглэлээр нь авч үзвэл, мод бэлтгэл, зүсмэл материалын 110, барилгын модон хийцийн 24, хавтан, цул модон хийцийн 70, зөөлөн тавилгын 11, гэрийн мод, тавилгын 50, хөгжмийн зэмсгийн 6, шахмал түлшний 16 үйлдвэр, 180 мужаан цехтэй. Эдгээр үйлдвэр, цех нь мод, модон материал, тавилгын дотоодын хэрэгцээний 45 орчим хувийг хангаж байна.

1990 оноос хойш уналтад ороод байсан ой, модны үйлдвэрлэлийн салбарыг сэргээхийн тулд эрхлэгчид хамтарч ажиллан, үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр мод, модон эдлэл, тавилгын дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадна гэж ХХААХҮЯ үзэж байна. Энэ ч утгаараа өнөөдөр салбар яамнаас ой, модын үйлдвэрлэлийн хөгжлийн боломж, ойрын болон дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар танилцуулга хийлээ. Тухайлбал,

Ойрын хугацаанд ойн төв замтай болж, 2018 оны 2 дугаар сард батлагдсан "Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр"-ийн хүрээнд ойн аж ахуйн цогцолборыг Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймгуудад байгуулахыг зорьж байна. Мөн модлог шахмал хавтангийн, шахмал түлшний болон мод боловсруулах жижиг үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү илтгэлдээ дурдлаа.

Авто замын ангиллаар ойн зам нь ойн санд замын сүлжээг үүсгэж, ой модны аж ахуйн хэрэгцээ шаардлагыг ханган, ойн менежментийн нэгж, ашиглагчийг ойн сангийн тодорхой хэсэгт хүргэх үүрэг бүхий зам юм. Ашиглалтын зонхилох хэлбэрээс нь хамаарч ойн замыг ойн аж ахуйн, мод тээврийн, түймрийн зэргээр ангилдаг. Ойн замын сүлжээг хөгжүүлснээр ойд явуулах аж ахуйн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл буурч, байгалийн нөөц ашиглалт сайжирч, агро-ойн аж ахуйн хөгжих нөхцөл бүрдэнэ гэж ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ч.Болдбаатар хэлж байлаа. 

2017 оны байдлаар Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 12,3 сая га байгаа бол ойн сан бүхий газар 18,6 сая га талбайг эзэлж байна. Ойн нөөцийн тухайд авч үзвэл, 1,2 тэрбум шоо метр ургаа мод, 170 сая шоо метр хатсан мод, 248 сая шоо метр унанги модны нөөцтэй. Нийт нөөцийн 80,7 хувийг шинэс мод эзэлдэг. Монгол орны ой эмзэг хэдий ч сэргэн ургах чадвар сайтай. Гэтэл 1990-иэд оноос хойш төрөөс ойг зөвхөн хамгаалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж байв. Нөхөн сэргээгддэг энэхүү баялгийг зүй зохистой ашиглах нь цаг болсон.

Манай улсын хувьд модны жилийн бодит хэрэгцээ нь 3,6 сая шоо метр мод байхад одоогоор дөнгөж жилдээ 800,0 мянган шоо метр мод бэлтгэж байгаа юм. Тиймээс ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй технологиор ойн аж ахуйг эрхэлж, ойгоос бэлтгэх модны хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам баримталж байна гэдгийг тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа мэдээлсэн юм. 

Зөвлөгөөнд Дархан-уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Завхан, Төв аймаг зэрэг 11 аймаг, нийслэлийн ой, мод, тавилгын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон төрийн болон төрийн бус байгууллагын 150 орчим төлөөлөл оролцож байна. Төлөөлөгчид салбарын тулгамдсан асуудлаа нээлттэй хэлэлцэж байгаа юм. Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооноос салбарын хэрэгжүүлэгч агентлагийг дахин байгуулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хоршиж хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байна гэдгээ Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүн, Монгол Улсын зөвлөх инженер Д.Баасанбямба илэрхийллээ.

Ой, модны үйлдвэрлэл эрхлэгч компаниуд мод бэлтгэл, зүсмэл материалын үйлдвэрлэл, барилгын модон хийц, цул модон болон хавтан хийцийн тавилга, зөөлөн тавилга, модон хаалга, цонх, гэрийн мод, хөгжмийн зэмсэг, паркетан шал, дотор дизайн тохижолтын чиглэлээр төрөлжин ажиллаж байна. Тэр дундаа барилгын хаалга, гал тогооны тавилга, зөөлөн хийцийн тавилга зэрэг зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх боломж бүрджээ.

Хэрэглэгчид тавилга сонгохдоо үнэ, чанар, хэмжээ загвар, өнгө, брэндийн нэр хүнд, олон үйлдэлт ухаалаг эсэх, баталгаат хугацаа, хүргэлтийн үйлчилгээ гээд олон хүчин зүйлийг харгалзан үздэг. Тиймээс импортын тавилгатай өрсөлдөхүйц үнэ санал болгож, чанар, хийц загвартаа онцгой анхаарч, хамтарч ажиллаж чадвал Монголынхоо зах зээлд байр сууриа эзэлж, улмаар экспортод бүтээгдэхүүнээ гаргах боломжтой гэж "Бест буйдан" ХХК-ийн ерөнхий захирал Ү.Батбаяр үйлдвэрлэл эрхлэгчиддээ хандан хэллээ.

Сүүлийн жилүүдэд төр засгаас тус салбартай холбоотой “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”, “Ойн цэвэрлэгээ”, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг батлан гаргаж, дотоодын зах зээлээ хамгаалах, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байна. 2014-2017 онуудад тус салбарын 65 иргэн, аж ахуйн нэгж байгууллага Засгийн газрын бондын хөрөнгө, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 33 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийн, олон үйлдвэр техник технологио шинэчилжээ.

Цаашид Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх, “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг зорьж байгаа юм. Түүнчлэн мод бэлтгэлийн үйлдвэрлэлд шинэ техник технологи нэвтрүүлж, ойн зам барьж байгуулан, үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээл, лизингийн үйлчилгээнд хамруулж, татварын бодлогоор дэмжих, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зэргээр үйлдвэрлэгчдэд чиглэсэн арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Зөвлөгөөн нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа бөгөөд оролцогчид санал нэгдсэн асуудлаараа зөвлөмж гаргах юм. 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам