“Хүхэрт устөрөгчийн хийтэй хэрхэн харьцах тухай” цахим сургалт нээгдлээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.07.04 15:45


Арьс шир боловсруулах үйлдвэр, технологийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийн ажилчид, менежерүүдэд зориулсан “Хүхэрт устөрөгчийн хийтэй хэрхэн харьцах вэ? H2S” сэдэвт цахим хичээл Монгол хэлнээ нээгдлээ.

        Сургалт нь үнэ төлбөргүй бөгөөд арьс шир боловсруулах үйлдвэр дэх хүхэрт устөрөгчийн хийн аюул, түүнийг шийдвэрлэх аюулгүй ажиллагааны талаар танилцуулах юм. Суралцагчид хүссэн цагтаа, хүссэн газраасаа цахим курст хандаж бие даан суралцах боломжтой ба онлайн шалгалтын 80%-ийг зөв гүйцэтгэснээр гэрчилгээ авна.

Арьс шир боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжууд ажилтнуудаа энэхүү курст жил тутам давтан сургах, шинэ ажилтнуудаа тухай бүр сургаж гэрчилгээжүүлэх нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой. Курсын агуулгыг НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас боловсруулан гаргасан бөгөөд олон улсад сайшаагдсан, хэрэглэхэд хялбар, хөдөлгөөнт дүрс бүхий суралцахуйн хэрэгслүүд агуулсан сургалт юм. Цахим сургалтын танилцуулга, хичээлийн агуулга, сургалтад бүртгүүлэх зааврын талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. 

Цахим курст бүртгүүлэх, суралцахтай холбоотой асуудлаар төслийн Цахим сургалтын мэргэжилтэн Я.Цэцэг-Өлзийтэй t.yadamsuren@unido.org и-мэйлээр эсвэл 70180180, 99091156 утсаар холбогдоно уу. 

ХҮХЭРТ УСТӨРӨГЧИЙН ХИЙН ТУХАЙ

Арьс шир боловсруулах үйлдвэр ба тус үйлдвэрээс гарах технологийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийн орчинд гарч болох томоохон эрсдлийн нэг бол хүхэрт устөрөгчийн хийн ялгаралт юм. Хүхэрт устөрөгч бол агаараас хүнд, нүдэнд үл үзэгдэх, өнгөгүй хий бөгөөд багахан агууламжтай үедээ ч хүчтэй, таагүй үнэртдэг. Арьс шир боловсруулах үйлдвэрт арьснаас үсийг салгахдаа сульфидыг шохойтой хамт хэрэглэдэг. Сульфид агуулсан шүлтлэг шингэн хүчиллэг шингэнтэй холилдвол хүхэрт устөрөгчийн хий үүснэ. Өндөр агууламжтай хийд өртөх нь агшин зуурын үхэлд хүргэх аюултай. Хийн бага агууламжид өртсөн ч дуниартах, толгой өвдөх, дотор эвгүйрэх, төв мэдрэлийн систем гэмтэх, түүнчлэн нүд гэмтэх эрсдэлтэй байдаг.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны давтан сургалт дутмаг, ажилчдыг хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангаагүй, хамгаалах хэрэгслийг зөв зохистой ашигладаггүйн улмаас ажилчид гүн хордох, амиа алдах явдал тохиолдсоор байна. Харамсалтай нь ослын тоо баримт ил тод биш байх нь олонтаа. 2018 оны 4-р сард гарсан хэвлэлийн мэдээнээс үзэхэд сүүлийн 7 жилд Энэтхэгийн Веллор дүүрэгт гэхэд арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хүхэрт устөрөгчийн хордлогоос болж 19 ажилчин амиа алдсан тоо баримт байна.

НҮБ-ЫН АЖ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ/UNIDO) бол эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулахын тулд үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой Нэгдсэн Үндэстний Байгууллагын мэргэшсэн агентлаг юм. НҮБАҮХБ нь арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны асуудлаар дөч гаруй жил ажиллаж байна. Арьс ширийг боловсруулагч, үйлдвэрлэгч, хэрэглэгч бүх талуудад аюулгүй, ээлтэй бүтээгдэхүүн байлгах эрхэм зорилгоор олон улсад технологи дамжуулалт, мэргэжлийн сургалт, зөвлөгөө, бенчмаркинг чиглэлээр идэвхтэй ажилладаг.

НҮБАҮХБ нь арьс ширний нэмүү өртгийн сүлжээг чадавхжуулах чиглэлээр модульд суурилсан олон улсын сургалтуудыг боловсруулан хэрэгжүүлж буйгаас Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь”, “Гутлын дизайн ба зохион бүтээлт” зэрэг модулиудыг Монгол хэлнээ нутагшуулж зорилтот бүлэгт хүргэх юм.

ТӨСЛИЙН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтарсан Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (UNIDO SECiMC2)” төсөл нь экспортын баримжаатай, импортыг орлох мал аж ахуйн гаралтай арьс шир, ноос ноолуур, мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг чанар стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой. НҮБАҮХБ нь уг төслийг 2018 оны 3-р сараас 2020 оны 1-р сарыг хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам