Зөгийн аж ахуй сонирхогчдод шинэ мэдлэг, мэдээлэл өгсөн ач холбогдолтой сургалт боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.07.06 22:32


Нийслэлийн зөгийн аж ахуй сонирхогчид, шинэ зөгийчид болон байгаль орчны байцаагч нарт зориулсан “Зөгийн аж ахуйн танилцуулах сургалт” өнөөдөр (2018.07.06) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Сургалтыг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн байгаль орчны газар болон Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөл түүний харьяа Монголын зөгий сан хамтран зохион байгуулсан юм.

        Зөгийн аж ахуйн ач холбогдлыг таниулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи болон зохистой дадлыг эзэмшүүлэх зорилготой сургалт онол, практик хосолсон хэлбэрээр болсон. Тодруулбал, дээр дурдсан сэдвээр оролцогчдод мэдээлэл өгч, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөгийн суурин дээр очиж, бодит орчинд дадлага хийлээ.

Цаашид зөгийн аж ахуйн талаар ойлголтоо улам өргөжүүлэн, зөгийн аж ахуйн эдийн засаг, байгаль орчин, ХАА, эрүүл мэндийн ач холбогдлын талаарх мэдлэгээ улам гүнзгийрүүлж, "Зөгийчин” мэргэжил эзэмших, өөр хоорондоо хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сургалтад хамрагдсан хүмүүс илэрхийлж байсан. Зөгийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуй нэгжийг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжих хэрэгтэй байна гэдгийг нэмж хэллээ.

        2017 оны жилийн сүүлийн эцсийн байдлаар зөгийн 31 аж ахуйн нэгжид 1988 бүл зөгий, 397 өрхийн 9504 бүл зөгий, нийт 11492 бүл зөгий байгаа нь өмнөх оныхоос 23,9 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр зөгийн аж ахуй жилд дунджаар 170-200 тонн бал үйлдвэрлэдэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тухайд өндөр уулын онгон байгалийн зэрлэг цэцэгс, нэн ховордсон эмийн ургамал бүхий бэлчээрээс цуглуулсан үнэт чанар бүхий экологийн цэвэр балаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй дэлхийд таниулж, экспортлохыг зорьж буй аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжин ажиллаж байна.

Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, тэдэнд зориулсан орчин үеийн сав, баглаа боодол, өнгө үзэмж бүхий чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийн тулд зөгийн балны найрлага, чанарын суурь судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийвчлан гаргах, лабораторийн чадавхийг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах шаардлага бий.

 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам