Нэхмэлийн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн төсөлд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.07.06 23:41


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Монакогийн хаант Улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны яамны ерөнхий захирал Изабель Розабрунеттог өнөөдөр (2018.07.06) хүлээн авч уулзлаа.

        Уулзалтын эхэнд, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулан хамтран ажиллаж байгаад нь хатагтай Изабель Розабрунеттод  гүн талархал илэрхийлээд, салбарын өнөөгийн тоон үзүүлэлт, бодлого зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Тэрбээр, Моника улс болон Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид олон улсын байгууллага нь манай улсын хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах, малчдын нийгмийн байдлыг дээшлүүлэх, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийг сайжруулахад чиглэсэн төслүүд амжилттай хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэлээ.

Тус улсын зүгээс 2014-2018 онд эрүүл мэнд, боловсролын салбар, хөдөөгийн малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлийн төслүүдэд нийт 1,4 сая еврогийн санхүүжилт олгосон байдаг. Мөн Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид олон улсын байгууллага нь "Тогтвортой ноолуур" төслийг 2015 оноос хойш хэрэгжүүлж иржээ. Энэ хүрээнд бэлчээрийн ашиглагчдын 75 хэсэг байгуулж, 18 бичил төсөл хэрэгжүүлсэн. Түүнчлэн малчид, хоршоодыг чадавхжуулахад мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгч, санхүүгийн дэмжлэг үзүүлэн, сургалтад хамруулжээ. Архангай, Хэнтий аймгуудын хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой төслийг Монако Улсын санхүүжилтаар хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл нь Монгол Улсын Засгийн газрын бодлоготой яв цав нийцэж байгаа төдийгүй үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж ирсэн гэдгийг уулзалтын бүрэлдэхүүнд багтсан олон улсын байгууллагын төлөөлөл хэлж байсан юм.

        Уулзалтын төгсгөлд, Дэд сайд Ж.Сауле ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах санал тавилаа. Мөн хоёр орны эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэд, салбарын мэргэжилтнүүд харилцан туршлага судлах тал дээр анхаарахыг хүссэн юм.

Моника Улсын талаас цаашид хэрэгжүүлэх төслөө "Ноолуур", "Хүнсний ногоо", "Жимс жимсгэнэ", "Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн" зэрэг Засгийн газраас хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүдээ уялдуулахыг зорьж байна гэв. Тэр дундаа хүлэмжийн аж ахуй болон зөгийн аж ахуйг хөгжүүлэх, харилцан шинжлэх ухаан, технологийн салбарт гарсан ололт амжилтаа хуваалцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Талууд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх саналтай байна.

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам