Хүнс, хөдөө аж, хөнгөн үйлдвэрийн салбарын гамшгийн эрсдэлийн талаар олон улсад танилцууллаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.07.07 10:31


Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан "Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал" 2018 оны 7 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. 

“Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор болсон хуралд Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцсон юм. Бага хурлын үеэр “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвээр салбар хуралдаан болж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт учирдаг гамшгийн эрсдэлийн талаар Азийн бага хурлын төлөөлөгчдөд танилцуулж, илтгэл тавилаа.

        Тэрбээр, илтгэлдээ, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт байгаль, цаг уурын нөхцөл байдал чухал хүчин зүйл болдог. Ган, зуд,үер, ой хээрийн түймэр, салхи, шуурга гээд байгалийн гамшигт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлд мэдрэмтгий. Мөн хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй цөлжилт нэрвэгдэх, мал, амьтан, ургамлын халдварт өвчин гарах, хөнөөлт мэрэгчид, шавьжнаас болж хохирол амсах нь бий гэв.

Гантай зун малчид нутаг сэлгэн нүүдэллэдэг бол зудтай өвөл малчдын амьжиргаа буурч, хөдөөнөөс хот руу шилжих, түүнийгээ дагасан хүндрэлтэй асуудлууд урган гарч байна. Гантай үед усан хангамж тулгамдсан асуудал болдог бөгөөд орон нутагт худгийн тоог 50 мянгад хүргэх шаардлагатай байна. Бэлчээрийн даацад нөлөөлж буй нэг хүчин зүйл нь үлийн цагаан оготно, царцааны хөнөөл гэж үздэг учраас тэдгээртэй тэмцэж байгаа ч хүч, хөрөнгө дутаж байна. Мөн малчдын нийгмийн асуудлыг шийдэх, залуу малчдын халааг бэлтгэх, малын даатгалын системийг хөгжүүлэх шаардлага бий.

        Газар тариалангийн салбарын гамшгийн эрсдлийг бууруулахад таримлын зохистой сэлгээ нэвтрүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх, ингэхийн тулд эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллах хэрэгтэй байна гэдгийг бага хурлын индэр дээрээс төлөөлөгчдөд хандан хэллээ.

Ийнхүү салбар хуралдаанаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын тэргүүн туршлага, ололт амжилтын талаар харилцан туршлага солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн юм. 4 өдөр үргэлжилсэн "Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал" амжилттай болж өндөрлөлөө. 

 

 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам