Иран Улстай мал аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.07.06 23:30


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Исламын Бүгд найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Ази, Номхон далайн орнуудын газрын ерөнхий захирал Махмуд Фаразандехаар ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

        Уулзалтын эхэнд, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 47 жил болж байгаа бөгөөд сүүлийн 10 жилд хүнс, хөдөө аж ахуйн салбарт нягт хамтран ажиллах болсонд баяртай байдгаа хэллээ. Тэрбээр, Иран Улс руу мах экспортлох тэр дундаа ямааны мах экспортлох саналыг Монголын тал тавьсан бөгөөд нааштай хүлээн авч, судалж үзэхээ илэрхийлж эргэн сануулсан.

Иран Улсын төлөөлөгчид манай талд тодорхой гурван санал тавьсан. Үүнд, мах импортлох, тэмээ худалдан авч, нутагшуулах, тэмээний гүн хөлдөөсөн үр авах хүсэлтэй ирснээ хэллээ. Учир нь Иран Улсын хувьд тэмээ бол маш том, хүндтэй байр суурь эзэлдэг бөгөөд Монголын тэмээний аж ахуйг үзэж сонирхон, тодорхой мэдээлэл авч, улмаар тэмээний фермийг өөрийн улсдаа байгуулах сонирхолтой байгаа юм. Түүнчлэн иран эмэгтэйчүүд тэмээний ноосон бүтээгдэхүүнийг ихэд таашаадаг бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна экспортлох зорилготой байгаагаа мөн илэрхийлэв.  

        Саналыг сонссон, Дэд сайд Ж.Сауле Иран руу экспортлох махны хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтэйгээ байгаагаа дахин хэлээд, манай улсын тэмээний сүргийн бүтцэд эзлэх хувь маш бага, дэлхийд ховор хоёр бөхтэй тэмээгээ гадагш гаргах эсэх асуудлыг дотооддоо нухацтай ярилцан, албан ёсоор хариу өгөх болно. Төлөөлөгчдийг нээлтээ хийгээд удаагүй байгаа "Малын удмын сангийн үндэсний цогцолбор"-ын үйл ажиллагаатай танилцахыг урьж, цогцолборын удирдлага, зохиомол хээлтүүлэг техникч нарт тэмээний гүн хөлдөөсөн үр авах хүсэлтээ илэрхийлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэлээ. 

Сүүлийн жилүүдэд мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлын судалгаа эрчимжих болсон. Тэгвэл ингэний сүүнд хорт хавдрыг эмчлэх найрлага байгааг манай улсын эрдэмтэд олж тогтоосон зэргээр мал аж ахуйн салбарын судалгаанд тодорхой ахиц гарч байгаа учир Иран Улстай шинжлэх ухааны салбарт харилцан туршлага солилцож, хамтарч ажиллахаар боллоо.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам