Үндэсний стандартын шинжлэх ухаан, техникийн түвшингийн улсын үзлэг зохион байгуулах салбар комиссын хурал боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.07.09 13:45


ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар батлагдсан салбар комиссын анхны хурлаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт мөрдөж буй Үндэсний стандартын шинжлэх ухаан, техникийн түвшингийн улсын үзлэг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл танилцуулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөөг боловсруулах санал солилцсон юм.

        Үндэсний стандартын шинжлэх ухаан, техникийн түвшингийн улсын үзлэг зохион байгуулах салбар комисс 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд салбар комиссыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат даргалж байна. Хурлаар улсын үзлэг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, түүнтэй холбоотой зардал тооцох, аргачлал боловсруулж батлуулахыг комиссын гишүүдэд үүрэгдлээ.  

Салбар комисс нь салбарын хэмжээнд үзлэг явуулж, тайлан мэдээ нэгтгэн дүгнэж, үзлэгийн мөрөөр цаашид авах арга хэмжээний талаар тодорхой санал боловсруулан, Төв комисстоо хүргүүлэх үүрэгтэй. Үзлэгийг тухайн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, шинжлэх ухааны холбогдох мэргэжлийн хүмүүстэй хамтран явуулна. Улсын үзлэгийн салбар комиссын үйл ажиллагаанд Стандарт, хэмжил зүйн газраас мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.

        Улсын үзлэгийн зорилго нь шинээр батлагдсан "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" УИХ-ын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын үндэсний стандартыг олон улсын стандартчилал, тохирлын үнэлгээний талаар гаргасан зарчим, стандарт, баримт бичгүүдэд нийцүүлэх юм.  

Мөн үндэсний бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, нутагшуулахад стандартчиллаар дэмжлэг үзүүлэх, стандартчиллын хөгжлийн оновчтой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд мөрдөж байгаа нийт стандартын шинжлэх ухаан, техникийн түвшинг тогтооно.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам