“Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хуралд оюутан, судлаачдыг оролцохыг урьж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.09.03 16:37


Хүнсний аюулгүй байдлыг хангах нь салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, мөн судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, хувийн хэвшлийн санаачилга, идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал асуудал юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. "Дэлхийн хүнсний өдөр"-ийг тохиолдуулан “Хүнсний аюулгүй байдал” ЭШБХ-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн А-51 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн.

Бага хурлыг зохион байгуулснаар:

  • Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх;
  • Төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх;
  • Хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон нийтэд сурталчлан таниулах;
  • Хүнсний салбарын боловсон хүчнийг бодлогын түвшинд бэлтгэх, салбар дундын уялдааг хангах зэрэг олон талын ач холбогдолтой.

"Хүнсний аюулгүй байдал-2017" ЭШБХ-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын Хүнсчдийн холбоотой хамтран 2017 оны 10 дугаар сарын 16-нд зохион байгуулсан. Хуралд Хөдөө аж ахуйн их сургууль, түүний харьяа хүрээлэнгүүд, Дархан дахь салбар сургууль, Шинжлэх Ухааны Академийн Хими, хими технологийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, мөн Дорноговь аймаг дахь салбар, “Идэр” их сургууль, Хүнсний технологийн дээд сургуулийн төлөөлөл болсон нийт 33 оюутан, судлаач илтгэлээ ирүүлж оролцсон юм. Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

"Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт-2018" эрдэм шинжилгээний бага хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоотой хамтран 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09.00-17.00 цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд зохион байгуулах тул тус хуралд оюутан, судлаачдыг оролцохыг урьж байна. Хуралд ирүүлэх илтгэлийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цагаас өмнө batbaatar@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Утас: 51-261962.

Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага, илтгэлийн хураангуй, бичлэгийн стандарт

Бага хуралд ирүүлэх илтгэлд дараах ерөнхий шаардлага тавигдана:

  • Судалгаа нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, тодорхой онол, арга зүйд үндэслэсэн байх;
  • Практик ач холбогдолтой байх;
  • Нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай;
  • Судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байх.

Бага хурлын илтгэлийн хураангуй дараах бүтэцтэй байна:

  • Илтгэлийн нэр;
  • Илтгэгчийн нэр;
  • Удирдагчийн нэр;
  • Үндэслэл;
  • Зорилго;
  • Зорилт;
  • Судалгааны арга зүй;
  • Үр дүн;
  • Дүгнэлт;
  • Түлхүүр үг.

Бага хурлын илтгэлийн бичлэгт дараах стандарт шаардлага тавигдана:

  • Илтгэл нь А4 хэмжээтэй 3-4 нүүрэнд багтсан байна;
  • Илтгэлийг зөвхөн “Unicode” ашиглан “Arial” фонт дээр 12pt үсгийн өндрийг сонгон бичсэн байна;
  • Илтгэлийг А4 цаасан дээр хуудасны дээд, доод талаас 2 см, зүүн талаас 3 см, баруун талаас 1.5 см зайг үлдээж бичнэ /header, footer, footnote ашиглахгүй/;
  • Мөр хоорондын зай 1.15 sp байна;
  • Илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр байна.

Шагналын сан

Судлаач:

  • Тэргүүн байр: Сайдын батламж, 1 сая төгрөг.
  • Дэд байр: Өргөмжлөл, 500 мянган төгрөг.
  • Тусгай байр: Өргөмжлөл, 200 мянган төгрөг.

Оюутан:

  • Тэргүүн байр: Сайдын батламж, 300 мянган төгрөг.
  • Дэд байр: Өргөмжлөл, 200 мянган төгрөг.
  • Тусгай байр: Өргөмжлөл, 100 мянган төгрөг.

Монголын Хүнсчдийн холбооны нэрэмжит шагнал.

Шалгаруулалтыг холбогдох төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулна. 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам