Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд 200 орчим дотоодын хүнс үйлдвэрлэгч, 250 гаруй тариаланчид оролцож байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.09.19 18:19


2006 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж, энэ жил 13 дахь намартайгаа золгож байгаа “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр (2018.09.19) албан ёсоор нээлтээ хийлээ.
Мишээл экспо төвд зохион байгуулж буй арга хэмжээг нээж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар оролцож, үг хэлсэн юм.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: “Дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд шууд хүргэх боломжийг олгодог “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ зургаан өдрийн турш үргэлжилнэ. Хүн ам цөөнтэй манай улсын хувьд хүнс бол стратегийн нэн чухал асуудал. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газраас Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлж байна. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилготой Баяжуулсан хүнсний тухай хуулийг УИХ-аар батлууллаа.  

        Одоогийн байдлаар “Мах, сүүний анхдугаар аян”, “Атрын гуравдугаар аян”-ыг зохион байгуулж, “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөр тус тус хэрэгжиж байгаа юм. Цаашид “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”, “Эрчимжсэн аж ахуйг дэмжин хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ирэх жил атар газар эзэмшиж, газар тариаланг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохионо. Энэ хүрээнд бид 60 бүтээлч ажил өрнүүлж байна. Ийнхүү нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, хэрэглэгчиддээ эрүүл, аюулгүй, хүнсээр хангаж буй нийт хүнс, газар тариалан, худалдааны салбарынхандаа “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ нээснийг мэдэгдье” гэв.

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой уг арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байна. Тэр дундаа “Эрүүл хүнс” үзэсгэлэнд 180 гаруй дотоодын хүнс үйлдвэрлэгч, 250 гаруй тариаланчид оролцож байгаа бөгөөд манай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамгийн том үзэсгэлэн худалдаа болоод байна.

        Энэ жилийн тухайд хэрэглэгчдийн боловсролд зориулан хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, хэрэглээний талаар мэдээлэл хүргэж, "Та сүүгээ уусан уу", "Алсыг хар-органикийг сонго", "Махны салбарын эрх зүйн орчин", "Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж" сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн үзэсгэлэнд оролцогчдод зориулсан амталгаат худалдаа, шинэ бүтээгдэхүүний танилцуулга, төрөл бүрийн хөгжөөнт уралдаан, тэмцээн, үзүүлбэр зохион байгуулна.  

Түүнчлэн “Эрүүл хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний экспорт болон импортын, хүүхдэд зориулсан, орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн, “Алтан намар” үзэсгэлэн худалдааны үеэр арга хэмжээнд хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон аймаг, сум, дүүрэг, төсөл, олон улсын байгууллагыг тус тус шалгаруулж, шилдэг ногоочин, жимсчин, хоршоо, аж ахуйн нэгжийг тодруулна гэдгийг дуулгахад таатай байна. Тиймээс эрхэм хэрэглэгч, иргэд та бүхэн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дэмжиж, шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг худалдан авах төдийгүй тус салбарын талаар олон талын мэдээлэл хүргэх "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна. 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам