“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хэрэглэгч танаа” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.09.21 19:43


"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээ нь хүнсний бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ гээд үндэсний үйлдвэрлэгч, тариаланч, ногоочид, жимсчдийн нөр их хөдөлмөрийн үр шимийг дэлгэн харуулж, хэрэглэгчдэд шинэ, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг шууд хүргэж байдгаараа давуу талтай арга хэмжээ. Энэ жилийн гол онцлог бол үзэсгэлэн худалдааны үеэр “Мах, сүүний анхдугаар аяны үр шим”, “Хэрэглэгч танаа”, “Алтан намар, амтат талх”, “Ногоон хүнс-эрүүл амьдрал”, “Хүүхдэд зориулав” гэсэн өөр өөрийн онцлогтой өдөрлөгүүд өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу болж байгаа юм. Үүний нэг 2018 оны есдүгээр сарын 20-нд болсон “Хэрэглэгч танаа” өдөрлөг. Уг өдөрлөг гурван үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд хэрэглэгчдэд хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгож хэрэглэх, өдөр тутамдаа давс бага хэрэглэх, энэ талын зохистой дадал хэвшүүлэх, бүтээгдэхүүний баглаа боодолд анхаарах, хүнсний бус хуванцар савыг хэрэглээнээсээ халах зэрэг зөвлөгөө, мэдээлэл өгсөн.

Эхний хэсэгт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, хэрэглэгчийн эрх гэдэг заяагдмал эрх бөгөөд хэрэглэгчид эрхээ сайн мэддэггүйгээс өөрийгөө болон гэр бүл, эргэн тойрны хүмүүсээ эрсдэлд оруулдаг гэдгийг анхааруулсан юм. Тиймээс худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ хаяг, шошго, үйлдвэрлэсэн огноо, орц найрлага, гарал үүслийг сайтар харж авах нь хэрэглэгчийн эрхээ эдэлж байгаа хамгийн энгийн жишээ гэдгийг хэлээд эрүүл хүнс хэрэглэх нь таны гарт буйг олон нийтэд хандан уриалсан юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Лхагвасүрэн

“Хэрэглэгч танаа” өдөрлөг “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээ, түүнд оролцогч аж ахуйн нэгжүүдийн давсны хэрэглээгээ буурсан жишээг олон нийтэд сурталчлах, ач холбогдлыг таниулах хэсгээр үргэлжиллээ. Уг арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн холбогдох албаны хүмүүс оролцож, давсны хэрэглээгээ бууруулж чадсан аж ахуйн нэгж, байгууллагын тайлан, үр дүнг сонслоо.

ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон

НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг орон нутгийн болон үндэсний хэмжээнд гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж, хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хүнс үйлдвэрлэгч, цэцэрлэг, эмнэлэг, ресторан нийлсэн 11 аж ахуйн нэгжийг хамруулсан юм. Тодруулбал, Атар-Өргөө, Мах маркет, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, БГД-ийн 57, 94 дүгээр цэцэрлэг, СХД-ийн 101, 112, 226 дугаар цэцэрлэг, Номадс болон Бродвэй сүлжээ ресторан, ДЦС-4 ХК-ийн Эрчим зоогийн газар нар болно. Эдгээр байгууллага “Хэрэглэгч танаа” өдөрлөгийн үеэр давсны хэрэглээгээ бууруулсан сайн туршлага, үр дүнгээ бусадтайгаа хуваалцсан юм.

Тухайлбал, цэцэрлэгүүд хүүхэд, багш, ажилчид төдийгүй эцэг, эхчүүдэд хандсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, бүх төрлийн давсны хоолны агууламжийг бууруулах арга хэмжээ авч, давсгүй цайг хүүхэддээ өгдөг болжээ. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс үйлчлүүлэгчиддээ эрүүл зөв хооллолтын талаар зөвлөгөө өгч, давсны хэрэглээг бууруулахын ач холбогдол, хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншиж сурах, далд давс агуулсан хүнсний бүтээгдэхүүн зэрэг гарын авлага, үзүүлэн, тараах материал бэлтгэж, олон нийтэд сурталчлан таниулжээ. Хүнс үйлдвэрлэгчид болон сүлжээ ресторанууд хоол, бүтээгдэхүүний дээжээ шинжилгээнд хамруулж, давсны агууламж нь хэрхэн бууруулж байгаад хяналт тавьж, шинэ хоол, бүтээгдэхүүний жор, технологийг гаргаж байна.

Ийнхүү давсны хэрэглээгээ бууруулж, өндөр үр дүн үзүүлж чадсан дээрх 11 аж ахуйн нэгжид аянд нэгдсэнийг илтгэх батламжийг өдөрлөгийн үеэр гардуулсан. 2018 оны аравдугаар сарын 16-ны “Дэлхийн хүнсний өдөр”-өөр "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" жилийн ажлын үр дүнг дүгнэж, “Давс багатай талх, гурилан бүтээгдэхүүн”, “Давс багатай махан бүтээгдэхүүн”, “Давс багатай нөөшилсөн ногоо”, “Давс багатай хоол”, “Давс орлуулагч, хүнсний шинэ жор технологи”, “Давс багатай хоол үйлдвэрлэгч” зэрэг номинациар шалгаруулж, шалгарсан бүтээгдэхүүн, байгууллагыг нийтэд сурталчлан, алдаршуулна.

Гуравдахь хэсэг болох сав, баглаа боодлын стандарт, анхаарах зүйлсийн талаар танилцуулгад, хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их агуулагддаг байна. Хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж стандартад зааснаас 3-4 дахин, айрганд 4,4 дахин их их байгааг тогтоосон тухай мэдээллээ. Мөн манай улсад нэг өрх дунджаар 3-4 ширхэг хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэдэг байна. Түүнчлэн хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ ДЭМБ-аас зөвлөмж болгосон хэмжээнээс 1,8 дахин их, худалдааны захуудад худалдаалж буй хуванцар савны 44,9 хувь нь хуучин сав байгааг анхааруулсан юм. Тиймээс хуванцарын олон улсын тэмдэг, тэмдэглэгээний талаар мэдлэгтэй байхыг уриалж байна.

Дашрамд дурдахад, ногоон тэмдэглэгээтэй бол хүнсний зориулалтаар ашиглаж болно, хэрэглээг аль болох багасгах, шар өнгөтэй бол хүнсний зориулалтаар нэг удаа ашиглах, дахин хэрэглэхгүй байх, улаан бол хүнсний зориулалтаар ашиглаж болохгүй, хөх өнгийн тэмдэглэгээтэй бол хуванцарын материалыг сайтар таньж мэдсэний дараа сонгон хэрэглэх боломжтой гэсэн үг юм.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам