Намрын ургац хураалт дунджаар 35 орчим хувьтай явагдаж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.09.21 20:00


Есдүгээр сарын 21-ний байдлаар 22,1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 34,7 мянган га-гаас 54,2 мянган тонн үр тариа, 7,7 мянган га-гаас 103,3 мянган тонн төмс, 4,4 мянган га-гаас 52,7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 10,2 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 54-60 хувьтай явагдаж байна.

Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 26-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говь, Их нуруудын хотгор, говийн бүсийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүсэх тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчид та бүхэн цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажлаа зөв зохион байгуулна уу. 

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БАГЦ МЭДЭЭЛЭЛ

2018 оны газар тариалангийн салбарын зорилт /2018.04.04/

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн.

2018 оны ургацын урьдчилсан баланс /2018.08.24/

Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм.

ХХААХҮ-ийн сайд, Ургацын улсын комиссын дарга Б.Батзоригийн газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад хандан өгсөн зөвлөмж /2018.08.24/

Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын комисстой хамтран шуурхай ажиллаж байна. Ийнхүү тарианы болц, хүн хүч, техникийн хангамж, намрын цаг агаарын төлөв байдлыг харгалзан ургацыг технологийн дагуу богино хугацаанд хураан авахад нь зориулж, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад хандан ХХААХҮ-ийн сайд, Ургацын улсын комиссын дарга Б.Батзориг дараах зөвлөмжийг хүргүүлж байна.  

- Үр тариа, буудайг бүрэн болцоос хойш 7-10 хоногийн дотор хураах

- Хаягдал аль болох бага байлгахын тулд нэг талбайг 4-7 хоног, аж ахуй нэгжийн хэмжээнд 10-15 хоногт ургац хураалтыг дуусгах 

- Оройтож боловсорсон ногоон тариад захалгаа хийх, зурваслан хадаж салхилуулах, шаардлагатай үед ангилан хадах бэлтгэлийг хангах

- Хураалтын техникүүдийг сүрэл цацагч төхөөрөмжөөр тоноглох, сүрлийг талбайд бүрэн цацах

- Намрын цаг уурын төлөв байдалтай хураах арга, хугацааг уялдуулж зөв төлөвлөх

- Хураах техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, техникийн хангамжийг бүрдүүлэх

- Тарианы болц, өндөр, нам, өтгөн, шингэнийг харгалзан талбай нэг бүрд хураах техникийн хадах ба цайруулах ангийн тохируулгыг зөв хийх, үүнд хяналт тавих

- Боловсон хүчин, техникийн операторчдын тогтвор суурьшил, мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, хураах талбайд техникийн зөв тохиргоо хийх чадвар эзэмшүүлэх

- Үтрэм, элеватор, зоориндоо ариутгал хийх

- Тариалангийн талбайг хашаажуулах, хамгаалах зэрэг ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг нийт газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, тариаланчдад зөвлөж байна.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад өгсөн чиглэл /2018.09.20/

  • Цасан шуурганд мал уруудаж ургацыг сүйтгэхээс сэргийлэх талаар орон нутгийн удирдлага ард иргэдийг дайчлан зохион байгуулах
  • Ургац хураалтын  шатахууны зарцуулалт өсөх тул хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
  • Налсан тариаг хураахад зориулсан иш өргөгч, морозовын соёо зэрэг нэмэлт эд ангийг нийлүүлэх ажлыг ТЭДС, дилер аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулах
  • Хураасан төмс, хүнсний ногоог хөлдөхөөс хамгаалж хучих, яаралтай зоорилох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх

Газар тариалангийн бүс нутгийн цаг үеийн нөхцөл байдал /2018.09.21/

  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг суманд бага зэрэг бусад сумын нутагт 25-30 см зузаан цас орсон. 
  • Үтрэмд байгаа буудайг яаралтай ТЭДС-д тушаах, үтрэмийг чөлөөлж, чийгтэй буудайг хатаах арга хэмжээ авах бэлтгэлийг хангах, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Учир нь замын байдал хүндэрчээ. 
  • Төв аймгийн Эрдэнэсант цасгүй, Сүмбэр сум бага зэрэг цастай. Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Борнуур, Баянчандмань, Баянцогт суманд цастай. Жаргалант, Борнуур сум хамгийн их цастай буюу 30 см орчим зузаан цас орсон байна.
  • Дархан-Уул аймаг цастай байгаа ч хайлж байна. 
  • Хөвсгөл, Булган аймагт цас бага орсон бөгөөд цагийн байдал хүндрээгүй.

Одоогийн байдлаар сумдын Ургацын штаб Улсын ургацын комисстой хамтран тариалангийн талбайд мал орохоос хамгаалах арга хэмжээ авч, газар дээр нь шуурхай ажиллаж, мэдээ мэдээллээ дор бүрд солилцож байна. 

Газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ /2018.08.28/

Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газар малчид, тариаланчдын дундах он удаан жилийн зөрчил, маргаанд цэг тавих түүхэн шийдвэр гаргасан. Энэ бол 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон явдал юм. Уг шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант зэрэг газар тариалангийн бүс нутагт хашаа барих ажлыг эхлүүллээ. Цаашид ойн зурвас татах, хашаажуулах ажлыг үе шаттай авч хэрэгжүүлнэ.

Хаврын тариалалтын ажилд тариаланчдад дэмжлэг үзүүлэх, тариалалтыг хэвийн явуулах бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаараа дамжуулан 3,4 сая литр шатахууныг хөнгөлөлттэй нөхцөлөөр олголоо. Мөн үр, сортын шинэчлэл хийх замаар га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор 5,9 мянган тонн буудайн элит үрийг ОХУ-аас импортоор оруулж ирэн, 2015-2017 онд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орсныг харгалзан тариаланчдад хямд үнээр нийлүүлэв.

Усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх зорилтыг хангахын тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий, Хөвсгөл аймагт тус бүр хүнсний ногоо, тэжээлийн таримлын чиглэлээр услалтын систем байгуулахаар ажиллаж байна. Мөн 1100 га талбайг услах хүчин чадал бүхий үр тарианы усалгааны тоног төхөөрөмжийг БНХАУ-ын санхүүжилтээр тус улсаас нийлүүлэхээр болов. Эдгээр нь усалгаатай газар тариаланг хөгжүүлэх эхний алхам юм.

Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд ОХУ, ХБНГУ, Беларусь Улсын шалгарсан техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэхээр хэлэлцээ хийж байна. Энэ ажил эхнээсээ үр дүнгээ өгч, 2018 оны наймдугаар сарын 6-нд газар тариалангийн зориулалттай 20 гаруй нэр төрлийн 200 орчим шинэ техник, тоног төхөөрөмжийг ОХУ-аас хүлээн авлаа. Эдгээр тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгоно. Ингэснээр намрын ургац хураалтад шаардлагатай техникийн хүчин чадал бүрдсэн гэж үзэж байна.

Энэ бүхэн нь газар тариалангийн салбарт баримтлах Засгийн газрын бодлого маш тодорхой, дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж буйн гол илрэл. Тиймээс ч 2018 оны намар ургац алдах бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлж, сайн ургац авахаар эрчимтэй ажиллаж байна. Энэ ч үүднээс ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулах зорилгоор улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад албан даалгавар өгч, үр тарианы байдал, хураалтад анхаарах асуудлаар аймаг, орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж, иргэдэд хандан зөвлөмж хүргүүлсэн гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг илэрхийллээ.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам