“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний үр дүнтэй газар дээр нь танилцаж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.03 20:24


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан тушаалаар ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, Улаанбаатар хотын ЗАА, МХЕГ, Хүнсчдийн холбоо хамтран 2018 оны хоёрдугаар сараас эхлэн “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой уг арга хэмжээнд аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах замаар иргэдийн давсны хор уршгийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон хэллээ.

ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээлж байгаагаар монгол хүний давсны дундаж хэрэглээ хоногт 11 грамм байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмжөөс 2 дахин их үзүүлэлт. Хүн хоногт 5 граммаас ихгүй давс хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндээ хамгаалж байгаа хэрэг юм. Хэрэв зохист хэмжээнээс хэтэрвэл бөөрөнд ачаалал өгч, артерийн даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад нөлөөлж байна. Давс их хэрэглэх нь хеликобактери үүсэх таатай орчин болдог. 

Судалгаагаар үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс хүн хоногт хэрэглэх давсныхаа 77 хувийг, 12 хувийг сүү, мах, жимс зэрэг бүтээгдэхүүний агууламжаас, үлдсэн 11 хувийг хүн өөрөө хоол, цайндаа хийж, хэрэглэдэг учраас “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг зохион байгуулахаар болсон гэдгийг НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг хэлж байна.

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг

Арга хэмжээний нэгдүгээр үе шатыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн бөгөөд Атар-Өргөө, Мах маркет, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, БГД-ийн 57, 94 дүгээр цэцэрлэг, СХД-ийн 101, 112, 226 дугаар цэцэрлэг, Номадс болон Бродвэй сүлжээ ресторан, ДЦС-4 ТӨХК-ийн Эрчим зоогийн газар гэсэн 11 аж ахуйн нэгж өөрсдийн хүсэлтээр хамрагдсан юм. Эдгээр аж ахуйн нэгжид төрийн болон төрийн бус байгууллагууд бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулах чиглэлээр арга зүйн зөвлөгөө, сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж, хоол, бүтээгдэхүүний дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулан, давсны агууламжийг нь тодорхойлжээ. Ийнхүү жилийн турш үргэлжилсэн арга хэмжээг хэрэгжүүлснээр дээрх аж ахуйн нэгжид гарсан өөрчлөлт, үр дүнтэй танилцахаар ХХААХҮЯ, НЭМҮТ-ийн хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2018.10.03) "ДЦС-4" ТӨХК-ийн Эрчим зоогийн газар, Мах маркет ХХК, СХД-ийн 112 дугаар цэцэрлэгт ажиллалаа.

"ДЦС-4" ТӨХК-ИЙН ЭРЧИМ ЗООГИЙН ГАЗАР

ДЦС-4 ТӨХК нь 1500-аад ажилтан ажиллагсадтай бөгөөд төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 71,2 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 52,1 хувийг дангаараа хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том компани. Уг хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд зүтгэж байгаа ажилтнуудынхаа эрүүл мэнд, зөв хооллолтын асуудалд анхаарал хандуулж байгаагийн нэг илрэл нь уг арга хэмжээнд нэгдсэн явдал юм. Тус зоогийн газар 10 төрлийн шөлтэй хоол, эмчилгээний хоол, сүүтэй цайндаа огт давс хэрэглэхээ больсон байна. Станцын ажилчид эхэн үедээ нэмэлтээр хоолондоо давс хийдэг байсан бол одоо давсгүй цай, давс багатай хоол идээд нэгэнт хэвшсэн. 2010 оноос хоол зүйн кабинетийг ажиллуулж, ажилчдынхаа ясны сийрэгжилт, цусны даралтыг тодорхойлон, эрүүл хооллолт, давс багатай хоол, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийн ач тусын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч эхэлжээ. 

Мөн 1 гр давс агуулах хүнсний бүтээгдэхүүний хэмжээ мэдээллийн самбар байршуулж, давсны сөрөг нөлөөллийн талаар гарын авлага гарган, давсны зохистой хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийн танилцуулга бэлтгэн, компанийхаа мэдээллийн сувгаар цацаж, зоогийн газрынхаа ширээ бүрд давсны талаарх мэдээлэл, зөвлөгөөг байрлуулсан гэдгийг ДЦС-4 ТӨХК-ийн хоол зүйч М.Дэлгэрсайхан мэдээллээ. Аянд нэгдсэнээр хоол, цайныхаа давсны агууламжийг бууруулахын хамт ажилчиддаа мэдээлэл сайн хүргэсний үр дүнд хүмүүсийн хандлага, дадал хэвшил богино хугацаанд өөрчлөгдсөн гэдгийг тус станцын нийгэм, ахуйн мэргэжилтэн С.Хадаа, үндсэн хөрөнгийн нягтлан бодогч Д.Цэрэнхүү нарын хүмүүс ярьж байсан юм. 

ДЦС-4 ТӨХК-ийн хоол зүйч М.Дэлгэрсайхан

ДЦС-4 ТӨХК-ийн  нийгэм, ахуйн мэргэжилтэн С.Хадаа

ДЦС-4 ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн нягтлан бодогч Д.Цэрэнхүү

СХД-ИЙН 112 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

112 дугаар цэцэрлэгт СХД-ийн 14, 15 дугаар хорооны 540 гаруй хүүхэд хүмүүждэг. 13 бүлэг, 47 багш, ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Аянд нэгдсэнээр 2018 оны нэгдүгээр сард цэцэрлэгийн нийт 400 эцэг эх, багш ажилчнаас давсны хэрэглээний судалгаа авч, түүнд тулгуурлан мэргэжлийн хоол зүйчтэй хамтран сургалт зохион байгуулж, гэртээ давс багатай хоол, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалжээ. Төрөл бүрийн хоол, амтлагч болон хүнсний бүтээгдэхүүний давсны агууламж зэрэг мэдээллийн самбарыг цэцэрлэгтээ байршуулж, есөн цэцэрлэгийн 24 тогоочид мөн сургалт явуулсан гэх зэргээр танин мэдэхүй, сурталчилгааны ажлыг сайтар зохион байгуулсан гэдгээ цэцэрлэгийн эрхлэгч Б.Долгормаа хэлж байна.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны давсыг аажмаар бууруулж, 2018 оны нэгдүгээр сартай харьцуулахад 1 гр орчмоор агууламжийг нь багасгахад хүүхдүүдийн хоолны дуршил нэмэгджээ. Мөн булууны яснаас кальцитай шөл гарган, хоолондоо хэрэглэдэг, өдөр тутам хүүхэд бүрт нэг аяга сүү өгдөг, цэцэрлэгийнхээ арын талбайд хүнсний ногоо тариалж хэрэглэдэг, давс багатай шинэ хоолны жор технологийг бий болгосон гээд олон сайн туршлага нэвтрүүлсэн гэдгийг СХД-ийн 112 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Г.Оюунсүрэн тайлагналаа. Түүнчлэн зөвхөн хүүхдийн гэлтгүй багш, ажилчдын артерийн даралт, биеийн жин, сахарын хэмжээг 14 хоногт нэг удаа үзэж, тэмдэглэл хөтлөн хяналт хийж үзэхэд давс багатай хоол, хүнс хэрэглэснээр артерийн даралт ихтэй дөрвөн хүний даралт 20 хувиар буурсан эерэг өөрчлөлт гарсныг цэцэрлэгийн эмч Ц.Цэцэгмаа бидэнтэй хуваалцсан юм.

СХД-ийн 112 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Долгормаа

СХД-ийн 112 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Г.Оюунсүрэн

МАХ МАРКЕТ ХХК

2001 онд байгуулагдсан “Мах маркет” ХХК нь 180 гаруй мэргэжлийн ажилтантай, орчин үеийн техник технологиор тоноглогдсон, хоногт мянган толгой бог мал төхөөрөх, 8-10 тонн мах шулж ангилах, 3-4 тонн хагас боловсруулсан, 2-3 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 7500 тоннын мах хадгалах хүчин чадалтай хөргүүрийн зоорьтой мах боловсруулах үйлдвэр юм. Тус компани “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжигч байгууллагын эгнээнд нэгдэж, бэлэн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг 18-40 хувь хүртэл бууруулаад байна. Мөн давсгүй гүзээний салат, кимчитэй давсгүй адууны мах зэрэг шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, зах зээлд худалдан борлуулж байгаагаа компанийн ерөнхий технологич Л.Энхтуяа ярилаа.

"Мах маркет" ХХК-ийн ерөнхий технологич Л.Энхтуяа

Ийнхүү "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээнд нэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагууд олон нийтэд чиглэсэн давсны хэрэглээний талаар танин мэдэхүйн сургалт, сурталчилгааны ажлыг идэвхтэй зохион байгуулж, хоол, хүнсний бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг тодорхой хувиар бууруулан, шинэ жор технологийг нэвтрүүлж байгаа нь аян үр дүнтэй хэрэгжиж байгаагийн тод илрэл гэж ажлын хэсгийн гишүүд үзэж байна.  

Уг арга хэмжээний үр дүнг 2018 оны аравдугаар сарын 16-ны “Дэлхийн хүнсний өдөр”-өөр дүгнэж, дээрх 11 аж ахуйн нэгжээс “Давс багатай талх, гурилан бүтээгдэхүүн”, “Давс багатай махан бүтээгдэхүүн”, “Давс багатай нөөшилсөн ногоо”, “Давс багатай хоол”, “Давс орлуулагч, хүнсний шинэ жор технологи”, “Давс багатай хоол үйлдвэрлэгч”, “Давсны зохистой хэрэглээг дэмжигч байгууллага” гэсэн долоон номинациар шалгаруулах юм.

Шалгаруулалтад нэр дэвшүүлэх бүтээгдэхүүнийг холбогдох стандарт, батлагдсан жор технологийн дагуу үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлыг итгэмжлэгдсэн лабораторид, давсны агууламжийг 40 хувиас доошгүй хэмжээгээр бууруулсан гэдгээ НЭМҮТ-ийн дэргэдэх “Шим судлалын лаборатори”-д тус тус шинжлүүлж баталгаажуулсан байх ёстой. Мөн хүнсний бүтээгдэхүүний шошго, хоолны цэсэнд 100 гр-т агуулагдах давсны хэмжээг бичиж тэмдэглэн, хооллох танхимд давсны хэрэглээтэй холбоотой анхааруулга, зөвлөмж, мэдээлэл байршуулж, хүмүүсийг мэдээллээр хангасан байх шаардлага тавьж байна.

Ажлын хэсэг маргааш Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж, давсны хэрэглээг бууруулсан үр дүнтэй танилцах болно. 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам