Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг олон төрлийн ногоогоор давсыг орлуулан хэрэглэж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.05 19:34


"Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгжид гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар цувралаар танилцуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсэг өнөөдөр (2018.10.05) Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж, хоолны давсны агууламжаа бууруулсан байдал, давсны хэрэглээ, сөрөг нөлөөллийн талаар хийсэн сургалт, сурталчилгааны ажил, түүний үр дүнтэй танилцлаа. 

Эрүүл зөв, хооллолт бол эмчилгээний нэг арга. Тэгвэл Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийнхэн хэвтэн эмчлүүлэгсэддээ давс багатай цай, хоолоор үйлчилж байна. ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, Улаанбаатар хотын ЗАА, МХЕГ, Хүнсчдийн холбоо хамтран 2018 оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээнд хамрагдахаасаа өмнө Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг эмчилгээний хоолондоо хоногт 2 кг давс хэрэглэдэг байсан бол одоо 700 грамм хүртэл хэрэглээгээ бууруулж чаджээ.

Мөн эрүүл зөв, хооллолтын чиглэлээр олон сэдвийн хүрээнд эмчлүүлэгч, ажилчдын дунд сургалт зохион байгуулдагийн дотор давс, далд давсны хор уршгийн талаар мэдээлэл өгдөг. Улирал тутам үйлчлүүлэгчдээсээ сэтгэл ханамжийн судалгаа авч, долоо хоног тутамд нэг удаа хоолондоо үнэлгээ хийлгэдэг байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд давс багатай хоол, цайнд ам сайтай байгаа нь сонгино, сармис, яншуй, помидор, лимон, зөгийн бал зэрэг олон байгалийн гаралтай ногоог давс орлуулагч байдлаар хэрэглэж байгаа юм.

Тэр дундаа ногооны шанзтай тефтель, тэжээллэг шөл, дүфүтэй талхан түрхэц зэрэг хоолонд үйлчлүүлэгчид илүү дуртай. Бид давс, бусад төрлийн давс ихтэй, хурц хоол амтлагч хийснээр хоол амттай болдог гэсэн ойлголтыг халж, хүний бие организмд хэрэгтэй шимт нэгдлүүдээр хоолоо баяжуулж байгаа нь эргээд хоолоор анагаах ухаан юм гэдгийг тус эмнэлгийн хоол зүйч Б.Энхзул хэлж байлаа.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоол зүйч Б.Энхзул

 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам