ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2016.08.17 0:03


Өвөрхангай аймгийн хувьд тариалангийн зонхилох хэсэг нь Хархорин суманд байдаг, газар тариалангийн 60 жилийн түүхтэй сум. ХХААХҮ-ийн сайдын Хархорин сумын тариаланчидтай хийсэн уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг хөндөж байсан. Малчин, тариаланчдын хоорондын зөрчил нэлээн байдаг тухай тэд ярьж, үүнийг Төрөөс болон орон нутгаас хэрхэн анхаарч ажиллах вэ гэдгийг асууж байсан. Энэ үеэр ХХААХҮ-ийн Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун “Шинээр батлагдсан Тариалангийн тухай хуульд энэ асуудлыг нэлээн сайн тусгаж өгсөн байгаа. Тийм учраас энэ хуулийг орон нутагт сурталчилж, малчид тариаланчдад тайлбарлаж өгөх шаардлагатай байна. Яагаад гэвэл Хархорин сумын хувьд тариалалт сүүлийн үед нэлээн тэлж байгаа учраас зөрчлийн асуудал нэлээн хүчтэй байна. Харин Сэлэнгэ, Төв аймгийн хувьд ийм зөрчил сүүлийн хэдэн жил байсан хэдий ч Тариалангийн тухай хууль батлагдсантай холбогдуулаад тухайн орон нутгийнхаа онцлогт тохирсон журам боловсруулаад зохицуулалтаа хийгээд явж байгаа” гэлээ.

Тариаланчдын зүгээс “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд шийдсэн Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийг намрын ургац хураалтаас өмнө тариаланчдад олгох боломж байгаа талаар салбарын сайдаас асуусан. Сайд П.Сэргэлэн “Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд ХХААХҮЯ-наас ургац хураалтанд түлш, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох тухай санал оруулж шийдвэрлүүлсэн. Мөн Хөгжлийн банкнаас олгогдох ёстой 11.6 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж энэ сарын 20-ны дотор шийдвэрлэж тариаланчдад олгох шийдвэр гарсан” гэдгийг тариаланчдад дуулгаж, цаашид тариаланчдаа бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам