“Монгол экспорт экспо-2018”: “Экспортын тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.19 10:21


Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилгаар зохион байгуулж буй "Монгол экспорт экспо-2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Экспортын тулгамдаж буй асуудал" хэлэлцүүлэг "Ibis" бизнес төвийн 6 давхарын хурлын танхимд болж байна. Хэлэлцүүлгийг нээж, Гадаад харилцааны яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа нар нээж үг хэлсэн юм. Б.Батхүү даргын хувьд төрөөс хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилт, хүрэх үр дүн, экспортыг нэмэгдүүлэх боломжийн талаар танилцуулсан юм.

"Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-д аж үйлдвэрийг дэвшилтэт техник, технологи, инновацид суурилан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх талаар заасан байдаг. Тухайлбал, 2016-2020 он гэхэд нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15 хувьд хүргэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн сүлжээг боловсронгуй болгож, дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэнэ. 2021-2025 он гэхэд нийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 25 хувьд хүргэж, дэвшилтэт технологи, инновацид суурилсан экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 70 хувьд хүргэх гэж тусгажээ.

Мөн 2026-2030 онд бүтээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи, инновацид суурилсан экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлэх, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 80 хувьд хүргэнэ гэсэн зорилтыг дэвшүүлжээ. Эдгээр зорилтыг биелүүлэхээр Засгийн газраас хөнгөн үйлдвэрийн салбарт "Үйлдвэржилт 21:100", "Ноолуур" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, "Ноолуур" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдаж, 3600 гаруй ажлын байр шинээр бий болж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспорт 5,7 дахин өснө гэж харж байгаа юм. 

Үргэлжлүүлэн ГХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг "Монгол экспорт" хөтөлбөрөөс хүлээгдэж буй үр дүнгийн талаар ярилаа. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, экспортын бүтцэд өөрчлөлт орно. Олон улсын стандартад нийцсэн тэргүүний дэвшилтэт шинэ технологи, инновацийг нутагшуулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдэнэ. "Монголын хаан ширхэгт", "Органик хүнс" чанарын гэрчлэх тэмдэг бүхий байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болон газар зүйн заалттай бүтээгдэхүүн бий болж, гадаад зах зээлд таниулна гэж үзэж байна.

Үүний дараа Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй "Монгол Улсын худалдааг дэмжих ТРАМ" төслийн зүгээс экспортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан. Тус төслийн зохицуулагч Кармен Фратита Монголын чацаргана, мах, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, ноосыг сонгон авч, кластер хэлбэрээр хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болсноо энэ үеэр мэдэгдлээ.

Мөн Олон улсын худалдааны төвөөс Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Төвийн ахлах зөвлөх Карла Солис стратегийн түвшинд бидний анхаарвал зохих зүйлсийн талаар ярихдаа: "Хөрөнгө оруулагчдад эрх зүй таатай орчин бүрдүүлж, тэдэнд итгэл бий болгох, зорилтот зах зээлд нийцэж ажиллан, чанарыг эрхэмлэж, нийлүүлэлтийг шийдэх, өндөр технологи, инновацийг нэвтрүүлэх, түүнд төрөөс дэмжлэг үзүүлэхэд зүйтэй байна" гэв.

Хэлэлцүүлэг бүхэлдээ уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд хөнгөн үйлдвэрийн салбарын оруулах хувь нэмэр гэсэн асуудалд төвлөрч байна. Тэр дундаа 2025 он гэхэд одоогиийн нийт экспортын орлогын 10 хувийг эзэлж буй хэмжээг 25 хувьд хүргэх, цаашлаад 50:50 хувьд хүргэхийг зорьж байгаагаа ГХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд мэдэгдлээ.

Хэлэлцүүлгийн эхний хэсгийн төгсгөлд, Герман улсын технологиор хонины ноосноос биобордоо үйлдвэрлэж, тус руу 2022 он хүртэл экспортлох гэрээ хийсэн гэдгээ хувийн хэвшил гэдгээ баяртайгаар дуулгасан. Тиймээс энэ ажлыг бодлогоор дэмжиж, өдөр тутамд бизнес эрхлэгчдэд тулгардаг жижиг ч гэсэн бодит асуудлыг шийдээд явахыг хүссэн юм.

Мөн импортын ижил төстэй бараа бүтээгдэхүүнийг тарифын болон тарифын бус зохицуулалтаар хязгаарлах, үнийн бодлого хэрэгжүүлэх, дөнгөж эхэлж буй бизнесийг татвараас хөнгөлөх, санхүүжилтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зах зээлд шударга өрсөлдөөн бий болгох хэрэгтэй гэж гутал үйлдвэрлэгч компанийн удирдлага байр сууриа илэрхийлж байна. 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам