“Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газар 2018-2019 оныг “Үйлдвэрийн шинэчлэлийн жил” болгон зарлалаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.20 16:42


Биокомбинат биологийн үйлдвэрийн анхны үндэс суурь нь тэртээх 1923 онд Сонгинын буланд ажиллаж байсан “Үхрийн халдварт мялзан өвчнийг эсэргүүцэх станц” нэртэй Оросын худалдаачдын жижиг цехийг Улс худалдан авсанаар тавигдаж байв. Улмаар 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжаар тухайн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдож, Европын болон дэлхий дахины жишиг технологийг нэвтрүүлсэний үр дүнд өндөр хүчин чадалтай үйлдвэр болж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 

Өнгөрсөн хугацаанд тус үйлдвэрт тухайн үеийн гадаадын технологийг нутагшуулахын зэрэгцээ Монгол эрдэмтэд, мэргэжилтнүүдийн бүтээсэн мал сүргийг халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээр өвчнийг оношлох, эмчлэх, зориулалт бүхий  60 гаруй нэр төрлийн биобэлдмэлүүдийг  үйлдвэрлэж ирлээ. Өдгөө мал амьтанд тохиолдож байгаа шүлхий, шувууны томуугийн вакциныг л зөвхөн импортоор авч, бусад төрлийн вакциныг Биокомбинат биологийн үйлдвэрт үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг зуун хувь хангаж байна. 

Тус үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ачаар Монгол оронд малын гоц халдварт, халдварт өвчний гаралт, тархалт эрс буурч, ялангуяа үхрийн мялзан, цээж, ямааны годрон зэрэг эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд үлэмж хохирол учруулж ирсэн, ойр ойрхон давтамжтай гардаг байсан гоц халдварт өвчнүүдээс бүрмөсөн эрүүлжээд байна. Үхрийн шүлхий, хонь ямааны цэцэг зэрэг өвчнөөс ч үндсэндээ эрүүлжсэн боловч сүүлийн жилүүдэд хил дамнасан халдвар ихэсч 30 гаруй жил гараагүй байсан эдгээр өвчин дахин дэгдэж байгаа учир эдгээрийн голомтыг устгах, тархалтыг хязгаарлахад онцгой үүрэг гүйцэтгэж, хонь, ямааны цэцгийн вакциныг сэргээн үйлдвэрлэж  ирлээ.

Мөн шүлхийн бүс нутагт өргөн тархалттай байгаа “А”, “О”, “Азиа-1” гурван хэвшлийг агуулсан тосон суурьтай вакциныг шаардлагатай үед дотооддоо савлах үндэс суурийг тавьж эхлээд байна. Дээр дурьдсанчлан биобэлдмэл үйлдвэрлэлийн үндэс,томоохон бааз суурь нь төдийгүй Монгол оронд хөдөө аж ахуй түүний дотор мал эмнэлэгийн салбар, энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажлын хөгжлийн тулгын чулуу болж үүсэл, хөгжил дэвшилд нь чухал хувь нэмрээ оруулж ирсэн юм. 

2018 оны 6 дугаар сарын 20-ны Засгийн газрын тогтоолоор "Биокомбинат" Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, шинээр байгуулахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар татан буулгах ажлын хэсэг ажиллаж байна. Ийнхүү "Биокомбинат" улсын төсөвт үйлдвэрийн газрыг шинээр байгуулж байгаатай холбогдуулан 2018-2019 оныг "Үйлдвэрийн шинэчлэлийн жил" болгон зарлалаа. Биокомбинатыг өргөтгөх төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад сүүлийн жилүүдэд голомтлон гараад байгаа нийгэм, эдийн засагт асар их хохирол учруулдаг малын гоц халдвар өвчний эсрэг вакцинуудыг үйлдвэрлэнэ.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам