Маргааш “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” уулзалт, хэлэлцүүлэг болно

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.22 11:10


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” уулзалт, хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 23-нд ХХААХҮЯ-ны хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох уулзалт, хэлэлцүүлгээр бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд ямар асуудал тулгарч байна, түүнийг хэрхэн шийдэх, төрөөс энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагыг яаж дэмжих, хамтран ажиллах талаар хэлэлцэж ярилцана. Тодруулбал,

ЖДҮ эрхлэгчдэд үзүүлж буй бизнесийн зөвлөх үйлчилгээний өнөөгийн байдал, менежментийн зөвлөх үйлчилгээний хөгжил, олон улсын туршлага, Монгол Улсын зөвлөх үйлчилгээний салбарын асуудал, зөвлөх үйлчилгээний цар хүрээ, үр өгөөжийг дээшлүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зөвлөх үйлчилгээний хэрэгцээ шаардлага зэрэг сэдвээр ХХААХҮЯ, МҮХАҮТ, Монголын менежментийн зөвлөхүүдийн институт, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо, Хөгжлийн шийдэл ТББ-ын төлөөллүүд илтгэл, танилцуулга хийх юм.

Уг уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Монголд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн зөвлөх үйлчилгээг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд туслалцаа үзүүлж, харилцан мэдээлэл солилцож, туршлага судлах ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна. 

Монгол Улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй 75585 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 77 хувь буюу 60330 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр эрхлэгч байна. Шинээр бизнес эрхлэх хүсэл сонирхолтой иргэд, бизнесийн санаа шийдэлтэй гарааны компани, өрхийн үйлдвэрлэгч олон бий. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст юун түрүүнд зах зээлээ танин мэдэх, тандан судлах, боломжийг эрж хайхад нь бизнесийн зөвлөх үйлчилгээ хамгийн том туслалцаа гэж олон улсад үнэлэгддэг. 

Тиймээс ч санхүүгийн бус дэмжлэг буюу бизнесийн зөвлөх үйлчилгээ хүч төрөн хөгжиж, зах зээлд эрэлттэй байгаа юм. Зөвлөх үйлчилгээ авахын хэрээр бизнес нь илүү үр ашигтай, хэмнэлттэй, өсөлттэй байж, компани нь өргөжин хөгжиж буй жишээ олон байна. Ийнхүү өдөр ирэх тусам бизнес эрхлэгчид сайн төсөл, стратегийн төлөвлөлт, маркетингийн төлөвлөгөө, санхүүгийн болон хүний нөөцийн бодлоготой байх нь зүйтэй гэдгийг ойлгон, олон улсын жишиг, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлзэх болжээ.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам