Одоогийн байдлаар үр тарианы 90 орчим хувийг хураан авч, хэмжээгээрээ 400 мянган тонныг давлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.26 14:10


Улсын ургацын төв штабаас шуурхай мэдээ ирүүллээ.

Өнөөдрийн байдлаар 51 мянган га-г ангилан хадаж, нийт 298.5 мянган га-гаас 403 мянган тонн үр тариа, үүнээс 386.6 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.8 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 93.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 87.4 хувь, төмс, хүнсний ногооны 99.9 хувь, тэжээлийн 80,6 хувь, тосны ургамлын 57,3 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Үр тарианы хувьд гурван хоногийн өмнөх дүнгээс 30 орчим тонноор өслөө. Ийнхүү улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 85,1 хувьтай байна.

Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 135 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 45 мянган тонн, нийтдээ 180 мянган тонн хүнсний буудай борлуулсан тухай мэдээлж байна.

Ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн чанар сайтай сортын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхайлж байна. Мөн буудайн борлуулалтыг эрчимжүүлэх, шинэ ургацаас хүнсний буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбарт үрийн болон тэжээлийн буудай, ногоон тэжээл нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам