Сүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.26 19:57


Хэрэглэгчид малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, эрүүл ахуй, аюулгүй байдалд ихээхэн анхаарах болсон. Энэ цаг үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас олон талыг оролцоог хамруулан, мах, сүүний гарал үүсэл, ариун цэврийн баталгаажуулалт, мөшгих тогтолцоо гэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Уг ажилд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй "Ногоон алт, малын эрүүл мэнд" тодорхой санаачилга түлхэц үзүүлсэн гэдгийг онцлох нь зүйтэй.

Гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанарын шаардлагад нийцсэн махаар иргэдээ хангахын тулд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл үүнтэй зэрэгцэн "Сүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт” туршилтын төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд сүүний гарал үүсэл, ариун цэврийн баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлснээр хэрэглэгч худалдан авч буй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэр, сүү нийлүүлсэн малчны харьяалал, саалинд хамрагдаж буй мал эрүүл эсэх, бэлчээрийн ургамлын төрөл зүйл, төлөв байдлын талаарх бүхий л мэдээллийг мэдэх боломжтой.

Өргөн хүрээнд малчин/фермерүүд хүнсний аюулгүй байдал хангасан түүхий эдийг нийлүүлж, үйлдвэрүүд чанарын өндөр түвшинд боловсруулдаг гэдгийг тусгай системээр баталж нотлох нь малчдын орлого нэмэгдэх, түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнэ дээшлэх, экспортын хэмжээ өсөх эерэг ач холбогдолтой юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Аймаг, сумдын мал эмнэлгийн болон хөдөө аж ахуйн газар, тасаг, анхан шатны хувийн мал эмнэлгийн нэгж, мэргэжлийн холбоод зэрэг оролцогч талыг хамарсан “Сүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт” төслийн эхний ээлжинд Төв аймгийн Борнуур, Сүмбэр сумдын Бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/-ийн нийт 250 орчим малчин өрх, фермерийн 2500 орчим саалийн үнээг хамруулахаар төлөвлөж байна. Төсөлд хамрагдаж буй малчид малаа мал эмнэлгийн үзлэг шинжилгээ, үйлчилгээнд тогтмол хамруулах, чанартай өвс, тэжээл, усаар хангах, сүүгээ гэрээнд заасны дагуу тогтмол үйлдвэрт нийлүүлэх, ээмэгжүүлэх зэрэг үүрэг хүлээж байгаа юм.

Уг төслийн нээлт болгож, "Сүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт" төслийн сургалт, семинар Төв аймгийн Сүмбэр суманд өчигдөр (2018.10.25) боллоо. Сургалтын үеэр Төв аймгийн Сүмбэр сумын малчид, малын эмч нарт сүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын системийг танилцуулж, сүү бэлтгэх, нийлүүлэх зохистой дадал, сүү, сүүн бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналтын тухай мэдээлэл хүргэлээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй "Ногоон алт, малын эрүүл мэнд" төслөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Мал эмнэлгийн баталгаажуулалтын систем”-ийг өнгөрсөн онд шинээр зохион бүтээж, туршиж эхэлсэн. Анхны туршилт нь махны чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж, хэрэглэгчдэд гарал үүсэл баталгаажсан, эрүүл махыг хүргэх арга хэмжээ хэрэгжүүлж байна. Сүү үйлдвэрлэгчдэд чанартай, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа баталж, нотлох нь хамгийн чухал. Тиймээс төслийн хугацаанд малчид хотондоо сүү бэлтгэн, нийлүүлэх зохистой дадлыг нэвтрүүлж байгааг уг систем бүртгэж, баримт нотолгоо болгон, уг баримт нотолгоотой түүхий эдийг сүүний үйлдвэрт хүргэж, үйлдвэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа процессыг мөн системдээ бүртгэнэ гэдгийг С.Дивангар хэллээ.

Сүү бэлтгэх, нийлүүлэх зохистой дадал гэдэгт малын эрүүл мэнд, сүү саах үеийн ариун цэвэр, эрүүл ахуй, малын тэжээллэг ус, малын тавлаг байдал, орчны нөхцөл зэрэг таван зүйл багтаж байна. Бизнесийн өнцгөөс харвал сүү ашигтай боловч сүүлийн жилүүдэд сүүний аж ахуй эрхлэгчдийн тоо буурч байна. Энэ нь нэг үнээнээс авах ашиг шим буурч байгаатай холбоотой. Тиймээс сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд дээрх зохистой дадлыг нэвтрүүлэх нь зүйтэй. Тухайлбал, сүү саах үеийн ариун цэвэр, эрүүл ахуй гэдэгт зориулалтын зөөврийн цахилгаан саалтуураар үнээгээ сааж, ариутгасан бидонд сүүгээ хийж, хүргэлтийн танкинд нийлүүлж байхыг хэлж байгаа юм. Нөгөө талаас сүүний гарцыг нэмэгдүүлэхэд малын шимт ногоон тэжээл чухал байна гэдгийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын "Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь" төслийн сүүний зөвлөх Б.Мөнхжаргал хэлж байна.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам