Малын гаралтай түүхий эд бэлтгэлээс хүнсний сүлжээнд нийлүүлэх хүртэл бүхий л үе шатанд чанар, стандарт, аюулгүй байдлыг мөрдүүлэхээр ажиллаж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.29 18:15


Аймаг, орон нутгаас авсан мэдээгээр энэ онд хүн амын дотоодын хэрэгцээнд зориулж, 15,1 сая толгой мал буюу нядалгааны үеийн жингээр тооцвол 500 мянга орчим тонн мах хэрэгцээлэх тооцоо гарчээ. Хүнсэнд хэрэглэдэг малын 92 хувийг бог мал, найман хувийг бод мал эзэлж байгаа бөгөөд үүний 10 орчим хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэж байна.

Жил ирэх бүр үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээ нэмэгдэж байгаа ч дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учраас гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанар, стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага, хэрэгцээ байгааг харуулж байгаа юм. Тиймээс Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөрийн түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог сайжруулах, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”, “Мах, сүүний анхдугаар аян”-ны хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилтыг тус тус хангах зорилгоор тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж эхэллээ.

Уг арга хэмжээг зохион байгуулахад олон талын оролцоо шаардлагатай. Тухайлбал, загвар арга хэмжээнд мах төхөөрөх болон боловсруулах үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг худалдаа, үйлчилгээний төв, дэлгүүр, супермаркет, түүгээр үйлчилдэг цэцэрлэг, сургууль, ажилчдын хоолны газар зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хүсэлтээр хамрагдаж боломжтой. Гол нь иргэд, олон нийтэд чанар, аюулгүй байдлаа баталгаажуулсан мах, махан бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүнээр үйлчлэх нь нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйлдэл бөгөөд бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нэг арга гэж харах хэрэгтэй юм.

Түүхий эд бэлтгэлээс хүнсний сүлжээнд нийлүүлэх хүртэл бүхий л үе шатанд чанар, стандарт, аюулгүй байдлыг мөрдүүлэх учраас Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн бирж ХХК, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгуудын ЗДТГ, ХХААГ, Монголын махны холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл, Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын төслийг дээрх загвар арга хэмжээнд татан оролцуулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нэгдсэн бодлого, удирдлагаар зангидан зохион байгуулж байна.

"МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ, МӨШГИХ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР АРГА ХЭМЖЭЭ"-Г ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний эхлэл болгож, өнгөрөгч Бямба гарагт (2018.10.27) ХХААХҮЯ, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төсөл, долоон мах төхөөрөх болон боловсруулах үйлдвэрийн төлөөлөл бүхий ажлын хэсэг Дархан-Уул аймгийн "Дархан меат фүүдс" ХХК дээр ажиллалаа. Ажлын хэсэг "Дархан меат фүүдс" ХХК-ийн мах боловсруулах анхан шатны үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, ээмгийг махны үйлдвэрт зураасан код болгох, тоног төхөөрөмж, програм хангамжийн сургалтад хамрагдсан юм. Энэ үеэр тус арга хэмжээг зохион байгуулж буй, хамрагдаж буй байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй ярилцаж, байр суурийг нь сонслоо. 

Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний хүрээнд малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсний хэрэгцээнд нийлүүлж, нядалгааны үеийн болон нядалгааны дараах гэмтэлгүй арьс ширийг үндэсний боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй махаар ханган, арьс ширэн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлнэ гэж ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийн дэд дарга Б.Батхүү хэлж байна.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Арьс ширний түүхий эдэд амьд үе, нядалгааны үеийн, нядалгааны дараах үеийн гэмтэл гэж зонхилон тохиолдож байна. Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө арьс ширэн түүхий эдийг хүлээж авах нэгдсэн сүлжээтэй байсан боловч одоогийн нөхцөлд энэ тогтолцоо алдагдсан. Амьд үеийн гэмтэл нь малын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой тарилга, туулгалт, угаалга, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг үйлчилгээнд малаа тогтмол хамруулаагүйгээс үүсдэг. Нядалгааны үед арьсыг эсгэх, урах, тасдах зэрэг гэмтэл үүсдэг. Уг арга хэмжээний хүрээнд арьсыг технологийн дагуу өвчөх, чанарын хамгаалалт хийх буюу арьсыг хатаах, хөлдөөх, давслах аргад үйлдвэрүүд суралцаж, арьс ширний гэмтэл аль шатанд гарч байгааг тогтоон, уг шатанд гарсан алдааг зассанаар түүхий эдийн гэмтэл буурч, үнэ цэнэ өснө гэж үзэж байгаагаа арьс ширний зөвлөх С.Даваажав хэллээ.

Арьс ширний зөвлөх инженер С.Даваажав

"Дархан меат фүүдс" ХХК нэг ээлжиндээ 350 бод, 2500 бог нядлах, 40 тонн мах шулах, 10 тонн мах дулааны аргаар боловсруулж, 1,5 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 2014 онд махны чанар, аюулгүй байдлыг хангасан эрүүл ахуйн олон улсын стандартыг нэвтрүүлсэн, улсдаа махны экспортын хэмжээгээрээ тэргүүлэх үйлдвэр юм. Иран, Узбекстан, ОХУ руу мах экспортолдог "Дархан меат фүүдс" ХХК мөшгих тогтолцоонд нэгдсэнээр илүү баталгаатай, чанартай бүтээгдэхүүнийг дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэх боломжтой болно гэж үзэж байгаагаа тус компанийн ерөнхий захирал М.Энхбаатар мэдэгдлээ.

"Дархан меат фүүдс" ХХК-ийн ерөнхий захирал М.Энхбаатар

"Мах маркет" ХХК нь 180 гаруй мэргэжлийн ажилтантай, орчин үеийн техник технологиор тоноглогдсон, хоногт мянган толгой бог мал төхөөрөх, 8-10 тонн мах шулж ангилах, 3-4 тонн хагас боловсруулсан, 2-3 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 7500 тоннын мах хадгалах хүчин чадалтай хөргүүрийн зоорьтой мах боловсруулах үйлдвэр юм. Тус үйлдвэрийн зөвлөх С.Зоригийн үзэж байгаагаар "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоо бүрэн утгаараа хэрэгжсэнээр хүнсний аюулгүй байдал хангагдаж, гар аргаар бэлтгэж буй эрсдэлтэй мах, махан бүтээгдэхүүн зах зээлээс шахагдана гэв.

"Мах маркет" ХХК-ийн үйлдвэрийн зөвлөх С.Зориг

Улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүх нийтийн ажил болгон аян хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уг ажлын хүрээнд 1990-ээд оноос өмнө мал эмнэлгийн практикт хэрэглэж байсан дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээг хуваарьт төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. Нөгөө талаас мэргэжлийн малын эмч л малд вакцин хийж, түүнээс хойш дархлаа тогтох хүртэл малаа нядлахгүй байх нь малын эмийн үлдэгдэлгүй байх энгийн бөгөөд найдвартай арга гэдгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын "Ветмон" ХХК-ийн малын их эмч Н.Гэрэлцолмон зөвлөлөө.

Дархан-Уул аймгийн Дархан сумын "Ветмон" ХХК-ийн малын их эмч Н.Гэрэлцолмон

 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам