Элчин сайд У Сун-г хүлээн авч уулзав

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2016.08.11 9:13


 Уулзалтын эхэнд талууд хоёр орны найрамдалт харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин хөгжиж Төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлал идэвхжиж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Сайд П.Сэргэлэн хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтын ажиллагаа идэвхитэй байгааг онцлон тэмдэглээд сүүлийн жилүүдэд Солонгосын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын шугамаар Монголын мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэгийн салбарын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлэн цаашид үргэлжлүүлэх, цар хүрээг нь нэмэгдүүлэх хүсэлтийг илэрхийллээ.

Тэрээр цаашлаад шинээр эмхлэгдэн байгуулагдсан Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ард иргэдээ баталгаатай хүнсээр хангах чиглэлээр хүнсний аюулгүй байдалд ихээхэн анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаагаа дуулгаад Монгол улсын хүнсний салбарт Солонгосын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж хамтран ажиллах хүсэлтийг тавив. 

Элчин сайд У Сун тавьсан саналуудыг нааштай хүлээн авч идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлээд Солонгосын аж үйлдвэржсэн туршлага, “Шинэ тосгон” хөтөлбөрийг Монголд нэвтрүүлж турших хүсэлтийг уламжлаад хөрөнгө оруулах сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байгааг хэллээ.  

Уулзалтын төгсгөлд сайд П.Сэргэлэн манай улсын мал эмнэлэгийн чадавхи төдийлөн сайн биш ялангуяа хурдан морь эмчлэх мэдлэг хомс байгаа, энэ чиглэлээр дагнасан малын эмнэлэг байгуулах хүсэлтэй явдгаа Элчин сайдад дуулгав. Элчин сайд энэ саналыг сонирхон хүлээн авч өөрийн орны холбогдох байгууллагуудад нь уламжлан хамтран ажиллах боломжийг судлана гэлээ.

 

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам