ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Нөхөн сэргээгддэг үндэсний баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын алхмуудыг хийж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa | 2018.10.31 13:35


 

Монгол орны бэлчээрийн үндэсний II форум өнөөдөр эхэллээ. Форумыг ХХААХҮЯ, ГЗБГЗЗГ, УЦУОШГ, ШХА-ийн НАМЭМ төсөл, МБАНХ хамтран зохион байгуулж байгаа юм.

Форумд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ын сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул хатагтай  Габриелла Спирли, МБАНХ-ны  Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, орлогч дарга  А.Батбаяр, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа, Дэлхийн нүүдэлч малчдын холбооны дэд ерөнхийлөгч асан, МБАНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Өмнөговь аймгийн малчдын холбооны тэргүүн, профессор малчин, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын шилдэг Манлайлагч I, II одонт малчин С.Мааманхүү, ШХА-ийн НАМЭМ төслийн зохицуулагч, доктор Ц.Энх-Амгалан, АНУ-ын Хорнадо эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Брандон Бестелмейр нарын зочид оролцож байна.

 

Мөн ХХААХҮЯ, Сангийн яам, ХЗДХЯ, ГЗБГЗЗГ, УЦУОШГ зэрэг төрийн байгууллага, МБАНХ, МННХ, МАШҮХ, МГЗБХ, БСТ, Хил хязгааргүй малын эмч нар ба аграномчид нийгэмлэг, Байгаль-Зэрлэг амьтадыг хамгаалах нийгэмлэг, Дэ Нэйчи Консерванси байгууллага, Лондонгийн амьтан судлалын нйигэмлэг, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, Жасыль холбоо, Оюуны Оньс, Даацтай хөгжлийн ирээдүй, Хангай нутгийн бэлчээр, Говийн Оюу хөгжлийг дэмжих сан зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Түүнчлэн ХААИС, МУБИС, ШУА-ын ЕБаСБХүрээлэн, МААЭШХ зэрэг сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, ШХА, Мерси Кор, Европын холбоо зэрэг олон улсын байгууллага, ШХА-ын НАМЭМ, НҮБХХ-ийн БИОФИН, “Монгол орны зүүн бүсийн тогтвортой ноолуурын өртгийн сүлжээ”, ХАА хөгжлийн олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” зэрэг төслийн төлөөлөл, аймгуудын ХХААГ, ГХБХБГ, УЦУОШГ-ын дарга, мэргэжилтэн, сумын ЗДТГ-ыэ Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд, Аймаг сумын Бэлчээр ашиглагчдын холбоод, Бэлчээр ашиглагчдын хэсэг, нөхөрлөлийн төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл судлаачид, оюутнуудын төлөөлөл болох 330 гаруй хүн оролцож байна.

Энэ удаагийн форумыг Монгол орны эдийн засгийн тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангийн 2018 оны шинэчилсэн хувилбарыг Засгийн газар болон олон нийтэд танилцуулах, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх,  хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготойгоор “Бэлчээрийн хариуцлагатай менежмент” уриан дор зохион байгуулж байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгуур хүчин болсон мал сүрэг 2017 онд 66,2 мянган толгойд хүрсэн. Харин 2018 онд малчин түмэн маань 18 орчим сая төл хүлээж авч, өсгөн үржүүлснээр өнөөдөр нийт бэлчээр нутагт 84,6 сая толгой мал сүрэг намаржиж байна. Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо харьцангуй өсч  байгаа нь Монголчууд малаа өсгөж чаддаг гэдгийг харууллаа. Харин одоо бид энэхүү нөхөн сэргээгддэг үндэсний баялгаа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж амьжиргаагаа, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, цаашлаад улс орныхоо эдийн засагт нэмэр болох вэ гэдгээ бодох цаг ирсэн.

Ингэхийн тулд бид юуны түрүүнд өрсөлдөх чадвар буюу  малынхаа үүлдэр угсаа, түүхий эд бэлтгэлийн тогтолцоогоо сайжруулахад анхаарах хэрэгтэй болж байна. Хамгийн чухал нь бэлчээр нутгаа даацад нь тохируулан, зөв зохистой ашиглах явдал юм. Тиймээс Бэлчээрийн тухай хуулийн асуудлаар манай малчид болон бэлчээртэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд, шийдвэр гаргах түвшний гээд түвшин түвшиндээ яриад байгаа юм. 

Орон нутгаар Бэлчээрийн тухай хуультай холбоотой уулзалт зөвөлгөөн, санал асуулга явагдсан. Хуулийн гол концепци  ерөнхийдөө гарсан. Энэ  нь “Бэлчээр ашигласан татвар хураамж буюу төлбөртэй байх хэрэгтэй. Тэр хураамжийг нь төвлөрүүлэх зарцуулах эрхийг зөвхөн орон нутагт өгье. Малчдын өсгөн үржүүлж, үр ашгийг нь хүртэж байгаа малынх нь үүлдэр угсааг сайжруулахад,  сум орон нутагт нь худаг ус гаргахад нь, бэлчээрийн чанарыг сайжруулж, хамгаалахад зориулдаг байя” гэж  байгаа юм.  Бэлчээрийн тухай хуулийг хэлэлцэх, батлах хэрэгжүүлэх цаг нь одоо болжээ гэдгийг салбарын сайдын хувьд маш сайн ойлгож байна. Тиймээс үүн дээр идэвх санаачилга гаргаж байна. Хуулийн төслийг боловсруулаад бэлэн болсон тул “Бэлчээрийн тухай хууль”-ийг энэ намрын чуулганы үеэр Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлээд, УИХ-д өргөн барих бодолтой байна. Энэ талаар Байнгын хорооны дарга, УИХ-ын даргатай санал солилцсон. Дэмжиж байгаа. Хөдөө орон нутагт малчидтайгаа уулзаж ярилцахад энэ талаар байнга сонсож, тэдний саналыг нь хүлээн авч байна. Энэ хуулийг батлахад малчдын маань санал санаачлага, хүсэл эрмэлзэл мөн чухал үүрэгтэй.

Бэлчээр нутгаа хамгаалснаар МАА-н үйлдвэрлэл чанаржиж, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, чиг хандлага тодорхой болж, Монгол орны малын гаралтай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөх давуу тал бий болох юм.

Энэ бүхэнд Монгол орны бэлчээр нутгийг хайрлан хамгаалж, доройтуулахгүй байхад анхаарлаа хандуулж ирсэн төрийн болон төрийн бус байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд чухал байр суурь эзэлж байгаа гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээн онцолсон юм.

Бэлчээрийн үндэсний II форумын үеэр  монгол орны бэлчээр нутгийн төлөө арав гаруй жилийн хөдөлмөрөө зориулж байгаа АНУ-ын Хорнадо эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Брандон Бестелмейрийг ХХААХҮ-ийн сайд салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан юм. Мөн ноён Брандон Бестелмейрийн ажил үйлст амжилт хүсч, цаашдаа монгол орны  бэлчээр нутгийг хамгаалахын төлөө улам их хичээл зүтгэл гаргахыг хүслээ

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам