Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд биржийн форвард арилжааг нэвтрүүлж байна 

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.10.31 17:11


"Таны ширээнд-эрүүл, чанарын баталгаатай мах" уриатай Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээнд одоогийн байдлаар Мах импекс, Мах маркет, Эрдмийт, Дархан меат фүүдс, Булган мах маркет, Баяндэлгэр хүнс гэсэн махны үйлдвэр, Хатант Интернэшнл, Дархан нэхий ХК, ДЦС-4 ТӨХК, Номадс сүлжээ ресторан, 58 дугаар сургууль гэсэн аж ахуйн нэгж, байгууллага, E-mart, Номин, Лавай, Гүүд прайс гэсэн сүлжээ дэлгүүр нэгдээд байна.

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд биржийн форвард арилжааг нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2018.10.31) Хөдөө аж ахуйн бирж дээр болж, дээр дурдсан загвар арга хэмжээнд нэгдэж буй аж ахуйн нэгж, байгууллагатай форвард гэрээ байгуулах ажиллагаа болсон юм. Арга хэмжээг нээж, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэлсэн үгэндээ “Бэлчээрийн мал аж ахуй зонхилсон манай улс хүн амаа эрүүл, чанартай, аюулгүй махаар хангадаг гэдгээ баталгаажуулж эхэлсэн нь хүнсний аюулгүй байдлын нэгэн баталгаа хангагдаж, малын гаралтай бүтээгдэхүүнээс үүдэлтэй хүн амын дундах өвчлөл, эрсдэлт хүчин зүйл буурч, мах, арьс шир, ноос ноолуурын үнэ цэнэ нь өснө” гэж үзэж байгаагаа онцоллоо.  

Өнөөдрийн ажиллагаанд, И-Март-“Баяндэлгэр хүнс” ХХК-тай, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо-Хөдөө аж ахуйн бирж -“Дархан меат фүүдс” ХХК хамтран ажиллах бичиг, “Булган мах маркет” ХХК- Хөдөө аж ахуйн бирж-Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Мөн “Дархан нэхий” ХХК -“Баян дэлгэр хүнс” ХХК хамтран ажиллах санамж, Good price ХХК-“Мах импекс” ХХК-тай гэрээ, 58 дугаар сургууль-“Мах импекс” ХХК, “Мах маркет” ХХК-тай гэрээ хийлээ.

Түүнчлэн Лавай хүнсний зах-Монголын бэлчээр ашиглалтын холбоо хамтран ажиллах санамж бичиг, Номадс сүлжээ рестран-"Мах маркет" ХХК-тай гэрээ, Ховд аймгийн Мөст сумын "Алтайн уулсын оргил"-"Хатант интернэшнэл" ХХК-тай гэрээ тус тус байгуулж, мал, мах, арьс ширэн түүхий эдийг найдвартай, тогтвортой нийлүүлэхээр болж байна.

Форвард гэрээ гэж хугацаат гэрээ буюу бараа түүхий эдийг тогтоосон хугацаанд тохиролцсон нөхцлөөр биет байдлаар ирээдүйд нийлүүлж төлбөр гүйцэтгэх гэрээг хэлнэ. Хөдөө аж ахуйн бирж нь "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний нэг оролцогч тал бөгөөд малчдын хоршоо, арьс ширний үйлдвэр, махны үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны байгууллагуудын эрэлт нийлүүлэлт, нөөцийн судалгааг гаргаж арилжааг төлөвлөх үүрэгтэй. Малчдын хоршоо нь биржийн захиалгын дагуу шаардлага хангасан малыг бэлтгэн нийлүүлэх юм.

Тус бирж өмнө нь зөвхөн ноос ноолуурын арилжаа хийдэг байсан бол одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Уг ажилд малчдын хоршоодын гүйцэтгэх үүрэг их. Хамгийн чухал нь малчдын хоршоод нь зориулалтын агуулахтай, түүндээ бэлтгэсэн арьс ширэндээ хамгаалалт хийж, хатааж, хөлдөөж, давсалдаг байвал сайн гэдгийг Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар хэлж байна.

И-март сүлжээ дэлгүүр нь "Баяндэлгэр хүнс" ХХК-тай гурван жилийн өмнөөс хамтран ажиллаж, тус үйлдвэр стандартын дагуу малаа нядалж, бэлтгэсэн махаа лабораторийн шинжилгээнд хамруулж, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсны үндсэн дээр зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, хэрэглэгчиддээ шинэ, эрүүл махаар үйлчилж байна гэдгээ "Скай Хайпермаркет" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаа хэллээ.

"Баяндэлгэр хүнс" ХХК-ийн хувьд жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг манай улсны анхдагч махны үйлдвэр бөгөөд үйлдвэртээ бэлтгэсэн махаа И-март сүлжээ дэлгүүрээр дамжуулан борлуулж, хэрэглэгчиддээ хүргэдэг. Уг форвард гэрээг байгуулснаар малын гаралтай түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдэж, Улаанбаатар хот орчмын иргэдээ гарал үүсэл нь баталгаажсан, чанартай махаар хангах боломж бүрдэнэ гэж ойлгож байгаагаа тус компанийн ерөнхий захирал Б.Гантуяа илэрхийлсэн юм.

Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн чанарыг сайжруулах, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх зорилгоор малчдын хоршоо, мах, арьс шир боловсруулах үйлдвэр, сүлжээ дэлгүүрүүдийг хооронд нь холбож, зуучилж байгаа нь маш ирээдүйтэй, цагаа олсон ажил гэж бодож байна хэмээн Дархан нэхий ХК-ийн ТУЗ-ийн дарга Р.Сүмбэнхүү бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан.

"Алтайн Уулсын Оргил дундын хоршоо" нь Ховд аймгийн 11 сум, нэг төрийн бус байгууллага нийлсэн, аймгийнхаа 2400 малчдыг эгнээндээ нэгтгээд байна. Тус хоршоо загвар арга хэмжээнд нэгдсэнээр Хатант интернэшнл ХХК-д сарлагийн мах, 2019 оноос ноолуур нийлүүлэх гэрээ байгуулжээ. Ийнхүү хамтран ажиллах болсноор хоршооных нь бэлтгэж буй түүхий эдийн чанар сайжирч, гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүн нийлүүлж, борлуулалтын сувгаа шийдэж байна гэдгээ хоршооны дарга Т.Алтансүх мэдээллээ.

Дашрамд дурдахад, маргааш буюу 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний нээлтийн ажиллагаа И-март сүлжээ дэлгүүрт болж, эрүүл, чанарын баталгаатай махыг борлуулж эхлэх юм.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам