Гарал, үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан махыг хүнсний сүлжээнд нийлүүлж эхэллээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.11.01 16:55


"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ" албан ёсоор өнөөдөр (2018.11.01) И-март Чингис сүлжээ дэлгүүрт нээлтээ хийж, гарал, үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан махыг хүнсний сүлжээнд нийлүүлж эхэллээ.

Загвар арга хэмжээний нээлтэд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн, Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон, "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар нарын албаныхан болон Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, "Скай хайпермаркет" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаа, "Баяндэлгэр хүнс" ХХК-ийн ерөнхий захирал Б.Гантуяа нар оролцлоо. 

Нээлтийн ажиллагааны үеэр, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, загвар арга хэмжээний ажлын хэсгийн дэд дарга Б.Батхүү: "МУ-ын Засгийн газраас “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг баталж, малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилт тавьсан. Мөн Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Мах, сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлэх хүрээнд малын эрүүл мэндийг сайжруулах, баталгаажуулах бүртгэлжүүлэх, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор ХХААХҮЯ-наас төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын төслүүдтэй хамтран зохион байгуулж байна.

Арга хэмжээг зөвхөн сар хагасын хугацаанд хэрэгжүүлээд зогсохгүй цаашид тогтмолжуулснаар хүн амын хүнсний хэрэгцээнд гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл, аюулгүй мах, махан бүтээгдэхүүн байнга, тогтвортой нийлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна" гэв.

2017 оны 12 дугаар сард Малын генетик нөөцийн тухай хууль батлагдаж, ХХААХҮЯ-ны бүтцэд малын чанар үүлдэр угсааг сайжруулах, малыг ялган тэмдэглэн бүртгэлд хамруулах чиг үүрэг бүхий Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар шинээр бий болсон. Манай газар үржлийн малаа ээмэгжүүлэн, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд гарал үүслийг тодорхой болгох чиглэлээр ажиллаж байна гэж газрын дарга Д.Батсүрэн хэллээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа 21 аймгийн 332 суманд 1100 орчим хувийн мал эмнэлгийн нэгжээр дамжуулан мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг зураасан код болгон хэвлэдэг болсон. Малын эмч нар хавар, намрын тарилга, туулгалтаа хийнэ, 7-21 хоногийн хугацаанд вакцин хийсний дараа малчны хотноос малыг махны үйлдвэрт хүргүүлнэ. Шүлхийн вакцины үлдэгдэл 3-6 сар хадгалагдаж байдаг учраас энэ хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоож, үүний дараа эрүүл, аюулгүй махыг дотоодын хэрэгцээнд болон экспортод гаргаж байна.

Мөн эмийн үлдэгдлийг малын эмийн сорилт, баталгаажуулалтын лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид тус тус шинжилгээнд хамруулж байгаа учраас эмийн үлдэгдэлгүй, эрүүл мах худалдаалж байгаа гэдэгт итгэлтэй байж болно гэж Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн мэдээллээ.

Загвар арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахад "Мах импекс", "Мах маркет", "Эрд мийт", "Дархан меат фүүдс", "Булган мах маркет", "Баяндэлгэр хүнс" гэсэн махны үйлдвэр, "Хатант Интернэшнл" ХХК, "Дархан нэхий" ХК, "ДЦС-4" ТӨХК, "Номадс" сүлжээ ресторан, 58 дугаар сургууль гэсэн аж ахуйн нэгж, байгууллага, "И-март", "Номин", "Лавай", "Гүүд прайс" зэрэг аж ахуйн нэгж, байгууллага идэвх, санаачилгатай оролцож байна. 

Арга хэмжээг хэрэгжүүлснээр цаашид малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, гарал үүслийг баталгаажуулах тогтолцоог өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж илүү бодитой болно. Түүнчлэн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох шийдвэр, эрхзүйн баримт бичгийг боловсруулж, батлуулна.

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам