Шинжлэх ухаан, технологи, инноваци бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн суурь асуудал гэж үзэж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.11.06 11:55


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулган албан ёсоор эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг мэдлэгт суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, мэдлэгийг баялаг болгон бүтээмжийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх, салбарын судлаач, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Үндэсний чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн дарга Ж.Сауле нээж үг хэлсэн юм.

Дэд сайд Ж.Сауле: "Дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж, мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэх нь тухайн улс орны иргэн бүрийн үүрэг байдаг. Монгол Улс эдийн засгийн бүтэц, хөгжлийн загвар, хөрөнгө оруулалтын талаарх чиг хандлагаа өөрчилж буй энэ цаг үед хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын Үндэсний II чуулганаа зохион байгуулж байна. Бид удахгүй судалгааны сайн, сайн үр дүнгээ дэлхий нийтэд зарлахад манай салбарын эрдэмтэн судаачид гол үүрэгтэй байна гэдэгт салбарын шинжлэх ухааны зөвлөлийг удирдан ажиллаж байгаа дэд сайдын хувьд бат итгэлтэй байна. 

Хөдөө аж ахуйн чиглэлийн сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнг түшиглэн гарааны компаниуд байгуулагдаж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхлээд байгаа нь өмнөх чуулганы явцад хөдөө аж ахуйн салбарын инновацийн дэд хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Энэ чуулганы өмнө бид хөнгөн үйлдвэрийн салбарын инновацийн хөтөлбөрийн төслийг боловсруулж, батлуулахад бэлтгээд байна. Энэ бүхэн нь салбарын инновацийн суурь бүтцийг бий болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг сайжруулах, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, эрчимжүүлэхэд эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид Та бүхний мэдлэг туршлага, идэвхитэй оролцоо, манлайлал өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэх байна.

Энэхүү чуулган нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын агробизнесийн сүлжээнд оролцогч бүх талууд хамтын ажиллагааны үүрэг, зорилго, зорилтоо нэгэн зүгт болгож, инновацийн суурь бүтцээ оновчтой зохион байгуулах арга замуудыг тодорхойлсон Зөвлөмжийг гаргаж, мэдлэгт суурилсан инновацийн экосистемийн шинэ цагийг салбартаа эхлүүлж байгааг харуулна гэдэгт итгэж байна" гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын илгээлт хүргүүлсэн бөгөөд илгээлтийг УИХ-ын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ж.Мөнхжаргал уншиж танилцууллаа. Илгээлтэд, "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг тодорхой бодлого, зорилттойгоор хөгжүүлэх, улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг өргөжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боломж, нөөцөө бүрэн ашиглах, шинжлэх ухаан, технологийн шинэ ололт, инновацийг шингээсэн үйлдвэрлэлийн шинэ бүтцийг төлөвшүүлж, хөгжлийг тэтгэх нэгэн гол хөшүүрэг болгон ашиглах нь нэн чухал болсон цаг үед энэхүү чуулган чуулж буйг дэмжин сайшааж байгаагаа илэрхийлье.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт биотехнологи, өндөр технологи нэвтрүүлэх замаар үр ашгийг дээшлүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, инновацийн экосистемийг бүрдүүлэх, шинэ үүлдэр, сорт бүтээх, нутагшуулах, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүн, малын эрүүл мэндийг хамгаалах, малын гаралтай түүхий эдийн, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн кластерийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр манай эрдэмтэн судлаачид чамлахааргүй амжилттай ажиллаж байгааг дурдахын ялдамд салбарын шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагууд өнөөгийнхөөсөө илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг тэмдэглэе" гэдгийг дурдлаа. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилт болон Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, цаашдын зорилт гэсэн хоёр сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүллээ. ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар: Салбарын шинжлэх ухаан, технологийн үр дүнгээс дурдвал, газар тариалангийн үйлдвэрлэлд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний 160 гаруй сортыг бий болгож, үйлдвэрлэлд хэрэглээ болгосон. Мал аж ахуйн салбарт дэлхийн бусад улс орны малаас өвөрмөц байдлаараа ялгарах үндэсний 47 үүлдэр, омог, хэвшлийн малыг баталгаажуулан үндэсний баялаг болгон ашиглаж байна. 

Монгол малын генетик нөөцийг хадгалж хамгаалах, биотехнологийн зарим ололтыг мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт шинээр байгуулж, ашиглалтанд орууллаа. Мал эмнэлгийн салбарт дэлхийн шинжлэх ухааны 4 нээлтийг бүртгүүлж, малын эмчилгээний 60 гаруй вакцин, оношлуур, 70 гаруй эм, био бэлдмэлийг бий болгосон ба Биокомбинатад технологийн томоохон шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна гэв. 

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат: 2018 оны статистикийн мэдээгээр шинжлэх ухааны салбарт нийт 4,534 хүн ажиллаж байгаагийн 76.7% (3.482) нь үндсэн (орон тооны), 23.2% (1,052) нь гэрээт (хавсран) ажиллагчид байна. Үндсэн ажиллагчдын дотор шинжлэх ухааны доктор (Sc.D) 77, боловсролын доктор (Ph.D) 432, магистрын зэрэгтэй 682 байгаа нь 54% байна. 2017 онд эхэлсэн инновацийн төслүүдээс дурдвал, Мал эмнэлгийн хүрээлэнгийн "Экспортын зориулалтаар хурганы мах үйлдвэрлэх өсөлтийн физиологид суурилсан технологи нэвтрүүлэх" төсөл, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн "Тэжээлийн буурцагт ургамлаар уурагт тэжээл үйлдвэрлэх" төсөл, “Гарааны ургамлын элч” ХХК-ийн "Ургамлын өвчний эсрэг үйлчилгээтэй Б-СУБТИЛ-99” биобэлдмэл үйлдвэрлэл", Хөдөө аж ахуйн их сургуулийн "Баяжуулсан шингэн болон үрлэн шим бордоо үйлдвэрлэх технологи" төсөл, “Монлатмит” ХХК-ийн "Хатаасан мах (жерки) үйлдвэрлэлийн технологи шаардлагад нийцэх онцлох бүхий махны хэвшлийн үхрийн сүрэг бий болгох" төсөл, Мөнх ногоон амьдрал нийгэмлэг ТББ-ын "Өвлийн нарлаг хүлэмжинд гүзээлзгэний суулгацыг нутагшуулан үржүүлэх" төсөл хэрэгжүүлж байгаагаа мэдээллээ. 

Чуулганд мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хүнс үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаачид, үйлдвэрлэгчид нийлсэн 200 орчим хүн оролцож байгаа юм. Үндэсний чуулган салбар хуралдаанаар үргэлжилж байна.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам