Зургаан бүлэг сэдвийн хүрээнд тухайн салбарт гарсан шинжлэх ухаан, технологи, инновацийн үр дүнг танилцууллаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.11.06 17:05


"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулган салбар хуралдаанаар үргэлжилж байна. Энэ хэсэгт төрийн бодлого тодорхойлогчид, хувийн хэвшил, хувь судлаачдад хандан мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хүнс үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн төлөөллүүд өөрсдийн хариуцсан чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Илтгэгчдийн хувьд сүүлийн жилүүдэд салбарт гарсан шинжлэх ухаан, технологи, инновацийн үр дүн, хөгжлийн чиг хандлага, эрчимжүүлэх гарц, шийдэл, шийдвэрлэх шаардлагатай асуудлуулыг хөндөн тавьсан юм. Салбар хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй яамны газрын дарга нар оролцож, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үйлдвэрлэлд нэвтэрсэн байдал, тулгамдсан асуудлуудыг сонсож, өөрсдийн дүгнэлт, саналаа хэлж байсан юм. Ингээд "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулганы салбар хуралдааны илтгэлүүдээс тоймлон хүргэж байна. 

МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ ИННОВАЦИ

“Мал аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи инноваци” сэдвээр Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх илтгэл тавьсан юм

Тус хүрээлэн нь өнгөрсөн хугацаанд арвин ашиг шимт малын 32 үүлдэр, 3 үүлдрийн хэсэг, 4 үржлийн хэсэг, 8 омог, 1 хэвшил, 4 нутагшсан үүлдэр, 5 нутагшуулж буй үүлдэр, 12 тэжээлийн ургамлын  сорт бий болгон үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Түүнчлэн 180 гаруй ном товхимол, бүтээл, 500 гаруй судалгааны тайлан бичиж хэвлүүлснээс гадна 420 гаруй технологи, заавар, зөвлөмж, стандарт, техникийн нөхцөл, 100 гаруй шинэ бүтээл, патент боловсруулж баталгаажуулсан байна. Мал аж ахуйн салбарт малын үржлийн биотехнологи, малын үржлийн ажлын менежмент, ургамлын генофонд, бэлчээр, ургамлын биотехнологи зэрэг чиглэлээр шинжлэх ухааны судалгаа хийж, технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүн ч үйлдвэрлэж байгаа юм. Тухайлбал, малын үржлийн биотехнологийн чиглэлээр “Үхэр, сарлагийн өндгөн эсийг гадна орчинд өсгөвөрлөх, үр тогтоох, шилжүүлэн суулгах”, “Хөврөл шилжүүлэн суулгах аргаар мах, сүүний үхрийн цөм сүрэг бүрдүүлэх” сэдэвт судалгаануудыг хийсний үр дүнд хөврөлийн гаралтай тугал хүлээн авч, нэг донор үнээнээс орооны нэг үе шатанд 5-6 тугал авах боломжтойг илрүүлжээ. Мөн малын үржлийн ажлын менежментийн чиглэлээр “Баруун бүсийн ноолуурын чиглэлийн ямаанд малчдын нөхөрлөлд түшиглэсэн үржлийн хөтөлбөр боловсруулах үндэслэл” сэдэвт судалгаа хийж, баруун бүсийн малчдын нийгмийн байдал, өрхийн орлого, ноолууран ашиг шимийн өнөөгийн түвшин, үнэ ханш, зах зээлийн талаар судалсан байна.

Тэжээлийн олон наст ургамлын генофондын үрийн амьдрах чадварыг судалснаар Монгол орны ургамал-газар зүйн зургаан тойргоос 22 овгийн 54 төрлийн 64 зүйл ургамлын үрийн 231 дээжийг цуглуулж, генфондыг баяжуулсан байгаа юм. Доройтсон бэлчээрийг бууцаар бордоход ургац хоёр дахин, услаж бордоход 3-4 дахин нэмэгддэг болох, эрчимтэй ашигласан бэлчээрийг түр хугацаагаар амраан, тордон сайжруулснаар хадлангийн эдэлбэр газар болгох боломжтойг туршилт судалгаагаар тогтоосноо танилцууллаа. Өөр нэг сонирхолтой судалгаа бол царгас өвсний ургацыг генийн инженерчлэлийн аргаар нэмэгдүүлэх боломжийг ч судалж байна. Мал аж ахуйн салбарт бодын ширний үсэн бүрхүүлийг шингэн шилээр гэмтээлгүй салган, хаягдал усны бохирдлыг бууруулах, малын бүдүүн ноосны дамжлагын хаягдлыг боловсруулах технологийг тус тус боловсруулж, туршиж үзжээ.

Өвөрхангай аймгийн Тарагт суманд сүүний Альпин үүлдрийн донор ямааны 600 ширхэг, хөврөл 500 тун үрийг гүн хөлдөөж хадгалан, нутгийн монгол ямаанд шилжүүлэн суулгаснаар хөврөлийн гаралтай 12, үрийн 14 эрлийз ишиг хүлээн авсан нь мал аж ахуйн салбарын инновацийн бүтээгдэхүүний нэгд тооцогдож байна. Тус үүлдрийн ямааны сүүгээр Франц технологийн бяслагийг гарган авчээ. Түүнчлэн бүрэн найрлагат эрдсийн нэмэгдэл тэжээл, уураг амин дэм, эрдэс бодисоор баяжуулсан шинэ төрлийн багсармал тэжээл, өндөглөгч тахиа болон өсвөр гахайны бүрэн найрлагат багсармал тэжээл, зөгийн гаралтай экологийн цэвэр биологийн нэмэлт бүтээгдэхүүн, үхрийн хатаасан мах зэргийг үйлдвэрлэсэн нь мөн л инновацийн бүтээгдэхүүн юм.

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2017, 2018 онд “Сутай”, “Цагаан уул” үүлдрийн хонь, “Эрчим хар”, “Галшарын улаан” ямааны үүлдэр, “Ламын гэгээний улаан үржлийн хэсэг”, “Мянгад” омгийн адууг тус тус Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурлаар оруулж, баталгаажуулснаа дурдлаа. Ийнхүү цаашид малын генетик нөөцийн өнөөгийн төлөв байдлыг судлах, илрүүлэх болон хөгжүүлэх удам зүйн судалгааг өргөжүүлэх, Монгол орны мал, амьтан, ургамлын генофондыг хамгаалах, сайжруулах, бүртгэл мэдээллийг сайжруулах судалгааг дэмжих зэрэг хэд хэдэн саналыг дэвшүүлж байсан юм.

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ

"Мал эмнэлгийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци" сэдвээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг илтгэл хэлэлцүүллээ

Ойрын хоёр жил хэрэгжүүлж буй инновацийн төслүүдээс дурдвал, “Монгаструм бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх”, “Нэг дамжлагаар импортыг орлох байгалийн гаралтай гурван төрлийн бэлдмэл үйлдвэрлэх нь, “Одой далан түрүүнээс гаралтай “2С” бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь” гэсэн төслүүдийг хэрэгжүүлж байна. 2018 онд тус хүрээлэн Оюуны өмчийн газраас “Дельтамон пур-он” бэлдмэл, “Актитракт” бэлдмэлдээ тус тус үнэлгээ хийлгэж, үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үр ашигтай гэдгээ баталгаажуулжээ. Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн шүлхийгээс сэргийлэх тосон адъюванттай гурван цэнэт Монгол вакцин, үхрийн цусан халдвараас сэргийлэх амьд вакцин, бруцеллёзоос сэргийлэх  B.abortus 159 №5-R омгийн вакцин, гахайн салмонеллёзоос сэргийлэх идэвхжүүлсэн вакцин, гахайн салмонеллёз, колибактериозоос сэргийлэх хом вакцин, бог малын шөвөг яраас сэргийлэх эсийн өсгөвөрт амьд вакциныг шинээр гарган аваад байна.

Тус хүрээлэнгийн дэргэд “Гарааны рецептор”, “Гарааны монбиотик”, “Гарааны нэмэлт тун”, “Гарааны вет био тех”, “Гарааны праймер ХХК” гэсэн компаниуд үйл ажиллагаагаа явуулж, оюуны багтаамж өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэглээг хэвшүүлэх, мал эмнэлгийн салбарт эргэлт хийхээр ажиллаж байгаа юм. Хүрээлэнгийн үзэж байгаагаар, мал эмнэлгийн салбарт шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах санхүүгийн эх үүсвэр сул, зах зээлд бэлдмэл бүтээгдэхүүнээ борлуулах систем төлөвшөөгүй, тусгай нөхцөл шаардсан үйлдвэрлэлийн байр хомс, хөрөнгө оруулалт, санхүүгийн ямар нэгэн дэмжлэг, туслалцаа байхгүй зэрэг сорилт тулгарч байна. Тиймээс эрдэмтэн, судлаачдын гаргаж буй бүтээгдэхүүний сурталчилгаа, худалдан авалтыг төрийн бодлогоор дэмжих, хүрээлэнгийн дэргэдэх гарааны компаниудаар инновацийн төсөл гүйцэтгүүлэх, эдгээр аж ахуйн нэгжийг эхний таван жилд татвараас чөлөөлөх зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлж байлаа.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ

"Газар тариалангийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци" сэдвээр Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх илтгэл тавьсан юм

Тус салбарт гарсан технологи, инновацийн үр дүнгээс дурдвал, энэ жил үр тариа, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 50 хувийг хангахуйц ургац хураан аваад байна. Монгол орны үр тарианы үйлдвэрлэлийн 30 хувь, төмсний 70 хувь, хүнсний ногооны 80 хувь, жимс жимсгэний 70 гаруй хувь нь манай салбарын судлаачдын бүтээсэн сортуудыг байгааг онцоллоо. Мөн тус салбарт тариалангийн хөрс хамгаалах, уринш боловсруулах, хөрс боловсруулалтыг цомхотгох, тэг элдэншүүлэх, үр төрөл бүрийн таримал тариалах, үр тариа, төмс, хүнсний ногооны элит үр үржүүлэх технологиудыг иж бүрэн нэвтрүүлээд байна. “Хөрс хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд “Тариалангийн хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах технологи”-ийг 1 сая орчим га тариалангийн талбайд нэвтрүүлж, хөрсний элэгдлийн хөнөөлийг эрс бууруулсан зэрэг дурдаад байвал олон амжилт бий.

Цаашид газар тариалангийн салбарт цомхотгосон болон тэг элдэншүүлгийн эзлэх хувийг үе шаттайгаар 100 хувьд хүргэх, таримлын зөв зохистой бүтцийг хэвшүүлэх, дасан зохицох чадвар сайтай шинэ таримал, сорт  нэвтрүүлэх замаар сэлгээний эргэцийг уртасгаж тогтвортой болгох, хүнс, тос, техник, тэжээлийн ургамлын нутагшсан сортын үрийн хэрэгцээг дотоодоос бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Ингэхийн тулд тариалангийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах замаар газрыг зах зээлийн эргэлтэд оруулж, ашиглалтыг сайжруулах, Хөрс, бэлчээрийг элэгдэл доройтлоос хамгаалах үндэсний хөтөлбөр боловсруулах, усалгаатай тариалан, инженерийн хийцтэй том услах систем, усны боомтын барилга байгууламж байгуулахыг бодлогоор болон бодитоор дэмжих зэрэг бодлогын түвшинд шийдвэрлэх асуудал байна гэв.

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ

“Ургамал хамгааллын салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” сэдвээр Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал М.Бямбасүрэн илтгэл хэлэлцүүлсэн 

Салбарын шинжлэх ухааны ололтоос дурдвал, “Ургамлын гаралтай пестицидийн судалгаа”, “Үйлдвэрлэлийн нөхцөлд зарим таримлыг хамгаалах цогц аргад тулгуурлан технологи боловсруулах”, “Хүнс, үр тариаг мэрэгч амьтнаас энгийн, механик, физик аргаар хамгаалах технологи”, “Үр тариан хадгалалтын үеийн мөөгөнцөрийн өвчний судалгаа” зэрэг олон арван судалгаа, туршилт хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж, нэвтрүүлэхийг оролдсоор иржээ.

Тэр дундаа биотехнологийн орчин үеийн аргыг хэрэглэж, өөрийн орны байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон вирусгүй үрийн төмсний анхдагч эх материалаар дотоодын хэрэгцээг хангах, эмийн болон ашигт ургамлын нөөцийг нэмэгдүүлэхэд биотехнологийн аргыг ашиглах, таримал ургамлын абиотик хүчин зүйл болон хөнөөлт организмаас хамгаалахад тэдгээрийн генийн нөөцийг илрүүлэх чиглэлээр судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.

Монгол оронд нутагшин тарьж буй төмсний Гала, Солист, Куарта сортоос апикаль меристемийг салган авч, өсгөвөрлөн олшруулан үржүүлж жилд 5000-7000 бичил ургамлыг хүлэмжинд, аэропоникийн системд шилжүүлэн тариалж 15000-20000 ширхэг вирусгүй бичил булцуу гарган авсан нь сонирхол татаж байлаа. Цаашид ургамал хамгаалах бэлдмэлийн үйлдвэрлэл,  цех барихад дэмжлэг үзүүлэх, ургамал хамгаалалд хэрэглэх хими, биологийн бэлдмэлийг зохистой харьцаанд байлгах асуудлыг бодлогоор зохицуулах, хөнөөлт организмын тандалтын судалгааг жил бүр тогтмол явуулж байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Пүрэвжав “Хүнс үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм

Олон улсад хэрэглэгчдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээтэй уялдсан хүнсний тэжээллэг байдал, зохицуулах үйлчлэл, биед үйлчлэх механизмын мэдээллийг хэрэглэгчдийн бодит байдалд чиглүүлэх, мэдээллийн арвин сан бүрдүүлэх, цаг завгүй амьдралын хэв маягийг эрүүл хоол хүнсээр хангах, шинэ найрлагатай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хандлага давамгайлах боллоо. Үүнийгээ дагаад исгэх, хандлах, өөх тос орлуулах, ферментийн технологийг нэвтрүүлэх, хүсээгүй амтыг үгүй болгох эсвэл найрлага тогтворжуулах, үйлдвэрлэлийн процесс төдийгүй хоол хүргэлтийн үйлчилгээг автоматжуулах зэрэг олон шинэчлэл, өөрчлөлт явагдаж байгааг танилцуулав. Манай орны нөхцөлд өрхийн хүнсний баталгаат байдлыг сайжруулах, зохистой хооллолтыг дэмжих, зөв хооллолтын талаар мэдээлэл, сурталчилгаа явуулах, бичил тэжээлийн бэлдмэлээр хангах, хүнс баяжуулах, бичил тэжээлийн дутлыг нөхөн зэрэг нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгааг чуулганы индэрээс хэллээ.

Тиймээс хүн ардыг хүнсний шим тэжээлийн талаар мэдлэг мэдээллээр хангах, хүн амын бодит хэрэглээний судалгааг таван жил тутам зохион байгуулсны үндсэн дээр хүнсний хангамж, хүртээмжийн төлөвлөлтийг гаргах зайлшгүй шаардлага байна. Түүнчлэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний найрлагын судалгааг олон улсын жишгээр хийж хэвших, арвин нөөцтэй сүүгээр иргэдээ хангах, навчит болон ногоон ургамлыг хүнсэнд тогтмол хэрэглэж хэвшүүлэх, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг чанд баримтлах зэрэг шийдвэрлэвэл зохилтой асуудлыг дэвшүүллээ.

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХЭРЭГЖИЖ БУЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТУУД, ЦААШИД ЭРЧИМЖҮҮЛЭХ ГАРЦ, ШИЙДЭЛ

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрхлэгч Д.Батбаяр “Хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй шинжлэх ухаан, технологийн ололтууд, цаашид эрчимжүүлэх гарц, шийдэл” сэдвээр илтгэл тавьсан болно

Хөнгөн үйлдвэрийн салбар нь ноос, ноолуур, арьс шир, нэхмэл, оёдол, мод боловсруулах, хэвлэл гээд олон дэд салбарт хуваагддаг. Энэ ч үүднээс Үндэсний чуулганы хэлэлцэх ёстой чухал бүрэлдэхүүн хэсэг болж байгаа юм.

Сүүлийн 5 жилд ноос, ноолуурын салбарт гарч буй дэвшлүүдийн нэгээр Говь ХК-ийн ноолууран пальтоны үйлдвэрлэл, пиджакны зориулалттай нарийн нэхмэл даавуу үйлдвэрлэх технологийг нэрлэж болно. Цаашид манай ноолууран бүтээгдэхүүний дутагдалтай шинж чанар болох бүрзийх, агших, сунах зэргийг арилгах үүднээс төрөл бүрийн натурал гаралтай торго, хөвөн зэрэг ширхэгтүүдтэй тодорхой хувиар хольж бүтээгдэхүүн үйлдвэр туршилт судалгааны ажлыг гүйцэтгэх шаардлагатай байна гэв. Хонины ноосон хивсний сэв сул үсийг бууруулах технологийн судалгаа, туршилтын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж,  Эрдэнэт Хивс ХХК-ийн үйлдвэрлэдэг Аттила, Алтанбулаг, Хүннү хивсний чанар үнэлэмжийг нэмэгдүүлэх нь нэхмэлийн салбарын хөгжилд нэгэн жишиг болно гэж байна. Мөн Монгол хонины ноосноос ноолууран ширхэгтийг нь ялгаж, 100 хувь ноосон болон 10, 30 хувийн ямааны ноолуурын холиотой даавуу үйлдвэрлэж буй “Могол” брэндийг онцлох зүйтэй бөгөөд цаашид дээд зэргийн жигд ноосон, хагас ноосон ээрмэл үйлдвэрлэх, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх туршилт судалгаа хийх хэрэгцээ бий болжээ.

Дархан минж ХХК нь R&D, бизнесийн хөгжлийн судалгаанд ихээхэн хөрөнгө оруулалт хийснээр 2016 оноос Монгол хонь, ямааны торгон арьсаар хавар намрын савхин хувцас хийж эхлээд байгаа нь арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт гарсан дэвшил. Оёдлын үйлдвэрүүд нь сурагчийн дүрэмт хувцас, төрийн албан хаагчийн мөр дэст дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх техник, технологийн хүчин чадлыг бүрдүүлсэн нь мөн л амжилт.

Мод боловсруулах үйлдвэрлэлийн салбарт Бест буйдан ХХК-ийн арьсан бүрээсний шинж чанарын үзүүлэлтүүдийг үндэслэн бусад үйлдвэрт нэвтрүүлэх нь бас нэг хийх ажил. Хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарт арьс болон ноосон бэлэг дурсгалын жижиг бизнес эрхлэгчдийн захиалгын бүтээгдэхүүн дээр хээ зургийг хэвлэх, гэр ахуйн тавилгыг цорын ганц давтагдашгүй хээ дүрстэйгээр үйлдвэрлэх боломж бүрдсэн гэдгийг дуулгалаа. Энэ мэтчилэн хөнгөн үйлдвэрийн салбарт гарсан ахиц, өөрчлөлтийг үргэлжүүлэхийн тулд шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн мехатроник, электроник, автоматикийн инженерүүдийг бэлтгэх, дэд салбаруудын бүтээгдэхүүнийг эко, натурал гэдгийг илэрхийлэх олон улсын чанарын тэмдгүүдтэй болгоход анхаарах, дэмжих зэрэг бодлого, санаачилга, бодит ажил хийх хэрэгтэй байгааг хэлж байна.

Зургаан бүлэг асуудлаар илтгэл хэлэлцүүлсний дараа Үндэсний чуулганы нэгдсэн хэлэлцүүлэг өрнөж байна. 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам