Шинжлэх ухаан, технологийн ололт, инноваци нэвтрүүлж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээс шилдгийг шалгаруулав

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.11.06 18:23


"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулганы үеэр салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн инновацийн бүтээгдэхүүн, судалгааны ажлын үр дүнг танилцуулах үзэсгэлэн болсон юм. Үзэсгэлэнд мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын бүтээл, салбарын хувийн хэвшлийн компанийн төлөөлөл бүтээгдэхүүнүүдээ дэлгэн тавьсан байв. 

Үндэсний чуулганы төгсгөлд тус үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээгдэхүүн”-ийг шалгаруулах арга хэмжээ боллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан, технологи, инновацийг нэвтрүүлж, "Шилдэг бүтээгдэхүүн" үйлдвэрлэсэн аж ахуйн нэгж, байгууллагад цом, мөнгөн шагналыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле гардуулж, цаашдын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд амжилт хүслээ. Ингээд "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулганы үзэсгэлэнгийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг товч танилцуулж байна. 

МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН “ХӨЛДӨӨСӨН ҮР ХӨВРӨЛ”: МАЛ АЖ АХУЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

Өндөр ашиг шимт сүүний чиглэлийн Альпин үүлдрийн ямааны хөврөл бий болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлж буй нь импортыг орлохуйц инновацийн бүтээгдэхүүн юм. Уг хөврөл нь гадаад зах зээлд нэг ширхэг нь 500 ам.доллараас дээш үнэлэгддэг бөгөөд 600 ширхэг буюу 300 мянган ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүнийг бид өөрсдөө үйлдвэрлэсэн нь сайшаалтай. Энэ нь Монгол Улсын ямааны сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хийж буй томоохон хөрөнгө оруулалт болж байна гэж үзсэн тул мал аж ахуйн салбарын шилдэг бүтээгдэхүүнээр нэрлэж байна.

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН “БАРАГШУНТ ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТ”: ГАРААНЫ НЭМЭЛТ ТУН ХХК

Уг бэлдмэл нь шинэ бүтээлийн патенттай (№4124), Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2014 оны алтан медаль, Шилдэг зохион бүтээгч сертификаттай бүтээгдэхүүн юм. 2018 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын захиалгаар 604 кг-ийг бэлтгэж, өвөлжилт хүндэрсэн аймгуудад нийлүүлж байв. Малд зайлшгүй шаардлагатай эрдэс, амин дэмээр баялаг, эх орны түүхий эдээс гаргаж авсан бэлдмэл тул мал эмнэлгийн салбарт үйлдвэрлэсэн шилдэг бүтээгдэхүүн гэж үзлээ.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН "ТЭЖЭЭЛИЙН ВАНДУЙН БАЯЛАГ СОРТ": ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УРГАМАЛ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭН

2018 онд уг сортыг 20 га-д тариалсан бөгөөд одоогоор 40 тонн үрийн нөөцтэй. 2019 онд 40 тонн үрийг 200 га-д тариалж, 400 тонн вандуй хураан авах төлөвлөгөөтэй байна. Вандуй нь үрэндээ 20-22 хувийн уураг агуулахаас гадна сүрэл ишиндээ буудайнаас 2-2,5 дахин их уураг, 1.1-1.3 тэжээлийн нэгжтэй тэнцэх хэмжээний малын сайн чанарын тэжээл болдог. Мөн бүтэц, хөрсний үржил шимийг сайжруулж, тохиромжтой нөхцөлд 90-220 кг/га хүртэл азотыг хөрсөнд хуримтлуулдаг ач холбогдолтой сорт тул салбарын шилдэг бүтээгдэхүүнээр тодруулсан болно.

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН "ХОНИНЫ НООСОН НЭХМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮН": МОГОЛ НООС ХХК, БЛЮ СКАЙ ХХК-ИЙН ХАМТЫН БҮТЭЭЛ

Хонины ноос нь халуунд сэрүүн, хүйтэнд дулаан, хөлс, чийгийг гадагшлуулдаг, эдэлгээ сайтай байгалийн гаралтай түүхий эд. Могол Ноос ХХК 2017 оноос эхлэн судалгаа туршилт хийн, монгол хонины нарийн ноосноос ноолуурыг ялган авч, нарийн утас ээрч, даавуу нэхэн, хонины ноосон пальто үйлдвэрлээд байна. Ийнхүү боловсруулалтын түвшин өндөр, зөөлөн чанартай, бүрзийлтгүй технологийг амжилттай гарган авч чадсан хамтын амжилтыг үнэлэн шилдэг бүтээгдэхүүнээр шалгаруулж байна.

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН "НООЛУУРАН НАРИЙН ЭЭРМЭЛ" (48/2 НОМЕРЫН УТАС): САНШИРО ХХК

Хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагатай хамтран ажилласны үр дүнд монгол ямааны ноолуураар нарийн номерын сүлжмэл, нэхмэлийн утас үйлдвэрлэх технологийг боловсруулан, үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Нарийн номерын утсаар хийсэн бүтээгдэхүүн нь өнөөгийн цаг агаарын дулааралттай холбоотойгоор хөнгөн, нимгэн байх чанарыг хадгалан, тансаг бүтээгдэхүүн болох нөхцөлийг хангаж, монгол ямааны ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах боломжийг бүрдүүлж байгаа юм. Судалгаанаас үзэхэд жилд үйлдвэрлэж байгаа 2,2 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүнийг нарийн номерын утсаар хийсэн тохиолдолд 4-5 сая ширхэгийг хийх боломжтой. Энэ нь зах зээлийн өнөөгийн үнээр бодоход 1 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой учраас ийнхүү ноолууран нарийн ээрмэл бол яах аргагүй шилдэгт тооцогдож байгаа юм.

ХҮНСНИЙ САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН “ХАТААСАН ААРЦ”: ТЭСО КОРПОРАЦИ

Монголчуудын уламжлалт шингэн аарцыг нам температурт халааж, ариутган хатаасан нь технологийн давуу тал бөгөөд аарцны үндсэн мөн чанарыг алдагдуулахгүйгээр ямар нэгэн тогтворжуулагч хэрэглээгүй тоосруулан хатаах аргаар шингэн аарцыг хуурай болгосон нь инновацилаг бүтээгдэхүүн болсон гэж дүгнэжээ. Аарцны амин дэм, шимт бодисын хэмжээ хатаасан аарцанд шууд шингэдгээрээ онцлог бөгөөд аньс, чацаргана зэрэг байгалийн зэрлэг жимсээр баяжуулсан нь кальцийн агууламж, өөр юугаар ч орлож боломгүй уураглаг чанар дээр витаминлаг чанараар улам баяжуулсан учраас ийнхүү шилдэг бүтээгдэхүүнээр тодруулж байна.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам