Сайд П.Сэргэлэн тариалангийн бүс нутагт ажиллалаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

mofa_admin | 2016.08.08 11:48


Энэ жилийн хувьд  хаврын тариалалтын ажлыг  технологийн хугацаанд буюу 5 дугаар сарын  8-наас эхлүүлж,  нийт 490.9 мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс  үр тариа  375.3  мянган га-д,  үүнээс улаанбуудай  353.4  мянган га-д, төмс 14.2 мянган га-д, хүнсний ногоо 7.8 мянган га-д, тосны ургамал  63.8 мянган га-д,  тэжээлийн ургамал  25.3  мянган га-д,  эмийн ургамал  4.2 мянган га-д,  жимс, жимсгэнэ 317 га-д тус тус тариалсан. 

Өнгөрсөн зургаа, долдугаар сард цаг агаарын хувьд тааламжтай байсан учраас таримлын  өсөлт хэвийн, төвийн бүсээр үр тарианы болц харилцан адилгүй байгаа ч ургацын  ерөнхий төлөв сайн байна. Харин энэ сарын эхний хэдэн өдөр улсын хэмжээнд нэлээд халсан. Энэ нь зарим газрын тариалалтыг механик болцтой болгоход нөлөөлсөн нь ажиглагдаж байна. Энэ жилийн цаг агаарын өөрчлөлттэй холбоотойгоор ургац хураалт, хадлан хадалтад эрт орох байх гэсэн таамаг байна. Өнгөрсөн жилүүдэд наймдугаар сарын 25-наас ургацын балансыг гаргаж эхэлдэг байсан бол энэ жил 15-наас баланс тогтоож эхэлнэ. Үүний дараа авах ургацын тоо хэмжээг Засгийн газарт танилцуулна. Одоогоор тариаланчид ургац хураах техник технологийн засвар үйлчилгээний бэлтгэл ажлыг хийгээд ажиллаж байна.

Сайд П.Сэргэлэн тариалалтын бүс нутагт ажиллах үеэрээ тариаланчидтай уулзаж,  санал бодлыг нь сонссон юм. Тэд газар тариалангийн үйлдвэрлэл явуулахад тулгамдаж буй асуудал, тариалалтын явц,  үр тариа төмс хүнсний ногоогоо хураах, худалдан борлуулах, шатахуун тоног төхөөрөмж гээд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг дуулгасан. Салбарын сайдын зүгээс тариаланчдын гаргасан санал дүгнэлтүүдийг нэгтгэж судлан ажил хэрэг болгоно гэдгээ илэрхийлсэн юм.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам