“Эвсэг” брэнд сүлжих, оёх үйлдвэрлэлдээ томоохон хөрөнгө оруулалт хийлээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.11.17 19:04


"Эвсэг" брэндийн сүлжмэлийн шинэ үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ боллоо. Шинэ үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монголын ноос, ноолуурын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ, тус холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нарын албаны хүмүүс болон үйлдвэрийн удирдлагууд оролцон, үг хэлж, нээлтийн тууз хайчиллаа. 

Жилдээ 530 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр Герман Улсын “Stoll”, Япон Улсын “Shima-Seiki” компанийн сүүлийн үеийн бүрэн автомат сүлжих болон оймсны сүлжих, Италийн өндөр бүтээмжтэй “Conti complett” оёх машин зэрэг 300 гаруй тоног төхөөрөмжөөр иж бүрэн өргөтгөн, хэрэглэгчдийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Эвсэг брэнд нь сүлжих хүчин чадлаа 2 дахин, гүйцэтгэн боловсруулалтын хүчин чадлаа 2,4 дахин нэмэгдүүлж, 300 гаруй шинэ ажлын байр бий болгожээ.

Шинэ тоног төхөөрөмж, технологи суурилуулсантай холбогдуулан компанийхаа програмистууд, дизайнер, технологичдыг Япон, Герман Улсад мэргэшүүлж, 11 ажилтнаа компанийн зардлаар их, дээд сургуульд суралцуулсан гэх зэргээр хүний нөөцийн оновчтой бодлого явуулж, ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаардаг байна. Ийнхүү шинэ үйлдвэр байгуулж, үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээл авч, ашиг орлогоо өсгөсний үндсэн дээр сүлжих үйлдвэрлэлдээ оруулсан томоохон хөрөнгө оруулалт гэж үзэж болно.  

"Эвсэг Кашмер" ХХК 2000 оноос эхлэн ноос, ноолууран оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2018 онд шинэ үйлдвэр ашиглалтад оруулахаас гадна үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрээ 2 дахин өргөтгөн, 1500 м2 талбай бүхий тав тухтай, өргөн сонголт бүхий орчныг худалдан авагчиддаа бүрдүүлж өгчээ. Мөн энэ онд хатгамалын болон принтийн тоног төхөөрөмжийг суурилуулснаар сонгодог болон авангард загварын хээ, хатгамалтай сүлжмэл, оёмол, принттэй шааль, сүлжмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боллоо.

Эдгээр бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна ОХУ, Итали, Швейцарь, Герман, Англи, Япон, Казакстан улсад борлуулж, жил бүр 2,5 тэрбум төгрөгөөс доошгүй татварыг улсын төсөвт төвлөрүүлж байна. Тус брэндийн дизайнер, оёдолчдын хөдөлмөрийн үр дүнд Гоёл наадамд удаа дараа амжилттай оролцож байсныг энд дурдах хэрэгтэй. Ирэх онд Итали, Япон, БНХАУ-д болох олон улсын хувцас загварын үзэсгэлэн, загварын шоунд оролцохоор төлөвлөжээ.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам