“Гутлын зохион бүтээлт” холимог сургалтын хөтөлбөр нээлтээ хийлээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.11.21 20:04


Хөнгөн үйлдвэрийн салбарт гутлын мэргэжлийн багш оюутнууд, гутлын үйлдвэрийн ажилчдад зориулсан “Гутлын зохион бүтээлт” цахим сургалтын хөтөлбөрийн албан ёсны нээлтийн арга хэмжээ 2018 оны 11-р сарын 21-ний өдөр Урлах Эрдмийн дээд сургуульд боллоо. Нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ, ХНХЯ, БСШУЯ, Европын Холбоо, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбоо, гутал үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээ, их дээд сургуулиуд зэрэг байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” зохицуулагч Г.Мөнхболор: Бидэнд тулгамдаад буй техник, байгаль орчин, ёс зүйтэй үйлдвэрлэлийн асуудлыг сургалтын шинэлэг арга зүйг нэвтрүүлснээр шийдвэрлэж чадна. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн зүгээс ийнхүү цахим сургалтын агуулга, талбар, хэрэгжүүлэх арга зүйгээр хангаж, “Гутлын зохион бүтээлт” холимог сургалтыг нэвтрүүлснээр гутлын зохион бүтээлтээр суралцагчид болон үйлдвэр дэх зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Монголд үйлдвэрлэгдэж буй гутлын загвар, зохион бүтээлтийг олон улсын туршлага, илүү шинжлэх ухаанд үндэслэгдсэн, Монгол хүний хөлийн онцлогт тохирсон байдлаар зохион бүтээхэд туслах, гутлын үйлдвэрүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахыг зорьж байна. Сургалтыг амжилттай хэрэгжүүлэхэд гутал үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээ, их, дээд сургуулиудын оролцоо, дэмжлэг чухал байна.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү: Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, "Монгол Улс ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-д заасны дагуу ноос ноолуур, арьс ширэн түүхий эд, бүтээгдэхүүнийхээ боловсруулалтын түвшинг дээшлүүлэхээр ажиллаж байна. Тиймээс өнөөдрийн нээлтээ хийж буй цахим сургалтын хөтөлбөр нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү чиглэсэн, гутлын инженер, өрхийн үйлдвэрлэгчид, салбарын багш, оюутнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нэгэн арга зам гэж үзэж байна. Урлах эрдмийн дээд сургууль бол хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг томоохон сургуулийн нэг. Тиймээс НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагын “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн баг тус сургуультай хамтран ажиллаж, онлайн сургалтын талбарыг нээж байгаад талархаж байна. Уг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр салбарын мэргэжилтэй ажилтнуудын тоо өсөж, гутлын үйлдвэрлэл нэмэгдэх ач холбогдолтой юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа: Өнөөдрийн холимог сургалтын хөтөлбөрийн нээлтэд хүрэлцэн ирсэн ХХААХҮЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн нэгдсэн холбоо, Европын холбоо, Урлах эрдмийн дээд сургуулийн төлөөлөл, гутал үйлдвэрлэгчид, оюутнууд та бүхний энэ өдрийн амрыг эрье. Хөнгөн үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгоор шинэлэг сургалтын арга, арга зүйг нэвтрүүлж байгаад талархаж байна.

Европын холбооны төсөл, хөтөлбөр хариуцсан багийн ахлагч Пьер Лука: Улаанбаатар хотод Европын холбооны төлөөлөгчийн газрыг нээгээд удаагүй байна. Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн үр дүн гарч байна. Тиймээс ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилготой дээр дурдсан төслийн санхүүжилтийг өсгөх бодолтой байна. “Гутлын зохион бүтээлт” холимог сургалтын хөтөлбөр нь  гутлын загвар, технологи, зах зээлийн борлуулалтыг сайжруулна гэж харж байна.

“Гутлын зохион бүтээлт” цахим хичээлийн агуулгыг Европын Холбооны санхүүжилтээр НҮБХХААБ, НҮБАҮХБ-аас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн хүрээнд монгол хэлнээ хөрвүүлж, сургалт удирдах Moodle системд суурилсан Урлах эрдмийн цахим сургалтын талбарыг бүтээв. Цахим хичээлийг танхимын сургалттай хослуулж, дадлагын хичээлээр баяжуулан Монголын арьс шир, гутал үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх ажлыг 25 жилийн түүхт Урлах эрдмийн дээд сургууль хариуцан гүйцэтгэх ба Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн нэгдсэн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжин ажиллаж байна.

Хичээл нь одоогоор хүний тавхайн анатоми, гутлын материал ба эд ангиуд, хэвлүүрээс хуулбар буулгах, үдээстэй эрэгтэй ботинкны эсгүүр гаргах, загвар гутал үйлдвэрлэх гэсэн 5 модуль, өөрийгөө сорих тестүүдээс бүрдэж байгаа ба цаашид сандаал, спорт гутал, туфли зэрэг төрөл бүрийн гутлын эсгүүр гаргах 10 модулиар нэмж баяжигдах юм. Суралцагчид цахим хичээлийг Интернэтэд холбогдсон суурин болон зөөврийн компьютер, таблет, ухаалаг утас ашиглан хүссэн цагтаа хаанаас ч үзэж судлах боломжтой.

Сургалтын агуулгыг НҮБАҮХБ-ын захиалгаар Итали улс дахь Үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийн олон улсын политехникийн институтээс (Politecnico Internazionale per lo Sviluppo Industriale ed Economico/PISIE) анх 1980-аад онд боловсруулан гаргасныг НҮБАҮХБ-ын Арьс ширний үйлдвэрлэлийн зөвлөх Др.Ferenc Schmel 2012 онд 21 модуль бүхий цахим сургалтын агуулга болгон шинэчлэн зохиомжилсон юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр Урлах эрдмийн дээд сургуулийн Гутал, арьсан эдлэлийн дизайн, зохион бүтээлтийн тэнхимийн эрхлэгч, багш Г.Оюунжаргал: “Цахим хичээлийг ашиглан оюутнууд бие дааж зохион бүтээлт, үлгэрийн гүйцэтгэл хийх бүрэн боломжтой болж байна. Сургалтыг холимог хэлбэрээр явуулах тул оюутнууд танхимд ирээд ойлгохгүй цэг тэмдэглээсийг багшаас асууж сурна, бас үйлдвэрлэлийн дадлага хийх юм. Цахим талбар нь үргэлж нээлттэй тул мартсан хичээлийг хэзээд сэргээн санах боломж бүрдэж байгаад оюутнууд маань дуртай байна” гэсэн юм.

Урлах эрдмийн дээд сургуулийн захирал, Проф.Г.Тунгалаг: Манай арьс ширний үйлдвэрүүдийн боловсруулалтын түвшин сайжирч байна. Манай төгсөгчдийн дунд амжилттай яваа үндэсний үйлдвэрлэгчид байна л даа. Best shoes, Хөөндий, Чиг зэрэг 200 гаруй монгол гутлын брэндийн эхлэл суурийг манай төгсөгчид тавьжээ. Энэ ч утгаараа гутлын зохион бүтээлт, үйлдвэрлэлийн сургалтыг жил бүр боловсронгуй болгох зорилт дэвшүүлэн ажилладаг. Тиймээс энэхүү холимог сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зөвхөн манай сургуулийн оюутнууд гэлтгүй мэргэжил харгалзахгүй, сонирхсон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран гутлын зохион бүтээлтийн талаар бие даан суралцах боломж бүрдэж байна.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зохицуулагч Г.Мөнхболор: Гутал үйлдвэрлэгчид болон их дээд сургуулийн багш, оюутнууд, эрдэм шинжилгээ, судалгааны ажилтнуудад чиглэсэн сургалтын хөтөлбөрийг өнөөдөр албан ёсоор нээж байна. Сургалт нь гутлын техникийг сайжруулах, гутлын зохион бүтээлтийн инжеренгийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна. Бид Монголдоо монгол хүний онцлогт тохирсон гутал үйлдвэрлэх, цаашлаад өөрийн орны түүхий эд, гараар хийсэн гутлыг олон улсын зах зээлд гаргах, сурталчлах боломж харагдаж байгаа учраас уг сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж байгаа юм. Манай улс ын хувьд нэг хүн жилд дунджаар 4-6 хос гутал өмсдөг гэсэн тооцоо бий. Ингээд харахаар дотооддоо зорилтот зах зээлд чиглэсэн, импортыг орлох сайн чанарын гутал үйлдвэрлэх боломж байна. 

Дархан минж ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баянжаргал: Манай компани дөрөв дэх жилдээ гутал үйлдвэрлэж байна. 2018 оны наймдугаар сараас эхлэн гутлын үйлдвэрлэлийн бүрэн автоматжсан шугамыг суурилуулаад байна. Чанар, стандартын шаардлага нийцсэн гутал үйлдвэрлэн, экспортод гаргах зорилготой ажиллаж байна. Хоногт 500 гутал үйлдвэрлэх хүчин чадал суурилуулаад байгаа бөгөөд эхний гурван жилдээ үйлдвэрлэлийн хүчин чадлын 40 хувийг ашиглаж, 200 хос гутал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагийн зэрэгцээ зах зээлийн судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ авах, гутлын чанараа дээшлүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байгаа юм.

Хас гутал ХХК-ийн ерөнхий захирал М.Золзаяа: Манай компани Азийн хөгжлийн банкны “Сарлагийн хөөвөр, ямааны арьсаар эко сурагчийн гутал үйлдвэрлэх” төсөлд хамрагдлаа. Уг төслийн хүрээнд сурагчийн хөлд эвтэйхэн гутал үйлдвэрлэх, загвараа шинэчлэх зэрэг аргад суралцсан юм. Цаашид зөвхө сурагч гэлтгүй 2-18 насны хүүхэд бүрийн эрэлт, хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн гутал үйлдвэрлэх дадлага, чадварыг эзэмшүүлэх чиглэлийн танхим, зайн сургалт хосолсон хөтөлбөрийг эрэлхийлж байна. Тиймээс өнөөдрийн нээлтийн арга хэмжээний үеэр холимог сургалтын талаар мэдээлэл авч, үйлдвэрийн ажилчиддаа сургах эсэхээ шийднэ.

“Гутлын зохион бүтээлт” холимог сургалтын хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцогчид

Гутал үйлдвэрлэлийн үзүүлэн сургалт боллоо

Урлах эрдмийн дээд сургуулийн оюутнуудын гутал, арьсан эдлэлийн загварын үзүүлбэр

 

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам