Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашиныг хүлээлгэн өглөө

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.12.03 14:45


Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулсан Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашиныг зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр ХХААХҮЯ-ны гадаа талбайд боллоо.

Эдгээр автомашиныг 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-194 дугаар тушаалаар Баян-Өлгий, Орхон, Увс, Говь-Сүмбэр, Сэлэнгэ, Өвөрхангай, Ховд, Хэнтий гэсэн найман аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй тус яамны холбогдох албаны хүмүүс хүлээлгэн өгсөн юм.

Ийнхүү орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээг малчдад илүү ойр, түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж, өвөлжилт хүндэрч болзошгүй аймагт тодорхой тусламж үзүүлж байгаад аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрынхан талархлаа илэрхийллээ.

ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ-390945 фермер маркийн автомашин нь Монгол орны байгаль, цаг уурын онцлогт тохирсон, туулах чадвар сайтай бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийн (ДУК-2) загварын тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

Он гарснаас хойш мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 13 аймагт, бог малын мялзан өвчин 3 аймагт бүртгэгдэж, өвчинтэй тэмцэх, яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар малын гоц халдварт өвчний хорио цээртэй аймаг, сум байхгүй байна. Одоогийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 10,2 сая мал, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 13,8 сая, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 8,5 сая малыг хамруулж, нийт 32,5 сая малыг дархлаажуулаад байна.

2018 оны 6-9 дүгээр сард мал угаалгын ажлыг орон даяар явуулж, 19 сая малыг хамруулсан бөгөөд ажлын гүйцэтгэл 96,1 гаруй хувьтай байна. Энэ ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийт 225 мал угаалгын зөөврийн төхөөрөмжийг орон нутгуудад хуваарилсан болно. Үүнээс гадна өвөлжөө 4.462,1 мянган м2, хаваржаа 9.759,0 мянган м2, уст цэг 342,4 мянган м2, агуулах 902,1 мянган м2, нийт 19.385,1  мянган м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна. Энэ бүхэн нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах хүрээнд авч хэрэгжүүлж буй нэн чухал арга хэмжээ юм. 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам