Хонины махны экспортыг нэмэгдүүлэх шаардлага, боломж байгааг талууд онцолж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.12.04 16:29


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн хүрээлэн, Мах Маркет ХХК, Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв, Инвест Ко-оп Монгол төсөлтөй хамтран “Хонины махан ашиг шим ба экспортыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт бага хурал-хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Тус бага хурал, хэлэлцүүлгийг нээж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэлсэн үгэндээ: "Сүргийн бүтцэд бог мал давамгайлж, хонин сүрэг нийт малын 45.4 хувь, ямаа 41.2 хувийг тус тус эзэлж байгаа нь зохистой бүтцийг алдагдуулж, бэлчээр доройтох, даац нь хэтрэх, улмаар мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн чадавх, бүтээмжийг бууруулах шууд хүчин зүйл болж байгаа судлаачид хэлдэг. Ийнхүү бэлчээрийн даац, сүргийн эргэлтийг харгалзан үзвэл жилд 180 орчим мянган тонн мах экспортлох боломжит нөөц бидэнд бий. Тиймээс монгол малын махыг онцлог давуу талаа түшиглэн шинэ санаа, шилдэг шийдэл, шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан, олон улсын зах зээлд сурталчлан таниулж, хүнс экспортлогч орон болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Бага хурал-хэлэлцүүлэгийн арга хэмжээний онцлог нь хонины махны үйлдвэрлэлийн эхний шатны хариуцагч-малчид, эцсийн бүтээгдэхүүн болгон  гадаад зах зээлд нийлүүлэгч мах боловсруулах үйлдвэрийн төлөөллүүд болон судлаач-эрдэмтэд, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж, өөрсдийн санал бодлоо хуваалцах боломжийг бүрдүүлсэнд оршино. Ийнхүү мал сүргийн бүтцийг зохистой байлгах бодлогыг хэрэгжүүлэх, хонин сүргийн махан ашиг шимд тулгуурласан экспортын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан технологийн боломжийг ашиглах, биоаюулгүйн шаардлагыг хэрхэн хангах гарц хайж байна. 

Мөн Монгол хонины махан ашиг шимийг насжилтаар судалсан дүнгийн талаар илтгэл танилцуулахын зэрэгцээ  малчид, мах боловсруулах үйлдвэрүүд  ч гэсэн гадаадын зорилтот зах зээлийн шаардлагад нийцүүлэн мах, махан бүтээгдэхүүнээ бэлтгэн нийлүүлэх нь зүйтэй. Мах боловсруулах үйлдвэрүүд импортлогчийн шаардлагад нийцэж, эрх авч байгаа нь сайн хэрэг боловч  цаашид хонины мах, тэр тусмаа бэлчээрийн хурганы шүүслэг махыг тодорхой бүс  нутагт (Ойрхи дорнод, Арабын орнууд) брэнд бүтээгдэхүүний хэмжээнд хүртэл нутагшуулахыг зорин ажиллах нь зүйтэй юм. 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Гурван тургуурт хөгжлийн бодлого”-д “Монгол Улс хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ хангах, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, хүнс экспортлогч орон болох” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд үүнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт голлох үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар зарласан.  Аяны хүрээнд махны салбарын тогтвортой хөгжих эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Улсын Их хурлаас Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 оны 12 дугаар сард батлуулж, 2018 оны 6 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдөн ажиллаж байна. Тус хуулийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинээр байгуулсан. Энэ агентлаг нь босоо тогтолцоогоор мал эмнэлгийн төрийн үйлчилгээг бүх шатанд хүргэн ажиллаж байна.

Гаалийн статистикийн 2018 оны 10 дугаар сарын байдлаар 27.2 мянган тонн мах, 16 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, нийт 43.2 мянган тонн тус тус экспортолсон нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн 50 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлох зорилтын 86.4 хувьд хүрсэн үзүүлэлт бөгөөд дэвшүүлсэн зорилт бүрэн биелэх боломжтой байна.

Экспортолсон бог малын махны хэмжээ 2016 онд 0.3 мянган тонн, 2017 онд 2.6 мянган тонн, 2018 оны 10 дугаар сарын байдлаар 3.8 мянган тонн байгаа нь өмнөх жилүүдээс харьцангуй өссөн ч бусад төрлийн малын махны экспортын тоо хэмжээтэй харьцуулахад чамлалттай байна. Мал сүргийн 45.5 хувийг эзлэж буй хонины махан ашиг шимийг  хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүн дотроо эр хургыг гадаад зээлд нийлүүлэхтэй холбогдсон харилцаа, экспортод тавигдах мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага зэрэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ихээхэн анхаарч ажиллаж байна.

 


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам