Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.12.06 15:26


Хүний нөөцийн сургалт, хөгжлийн асуудал бол байгууллагын амжилтын үндэс юм. Тиймээс салбарын хууль эрх зүйг сурталчлах, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын боловсон хүчнийг чадавхжуулах зорилготой хоёр  өдрийн сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байна.

Сургалтын эхэнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан хариуцсан мэргэжилтнүүдэд хандан ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле "Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, тогтоол, төсөл, хөтөлбөрийн биелэлтэд хяналт шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч, тайланг нэгтгэдэг та бүхэн бол төрийн өндөр хариуцлагатай алба хашиж байгаа гэдгээ ухамсарлан, байнга өөрсдийгөө хөгжүүлж, мэргэших ёстой. Ингэснээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хөгжлийн тулгуур салбар болох нэгэн нөхцөл хангагдана" гэдгийг цохон тэмдэглээд, хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.  

Уг хоёр өдрийн сургалт хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтнүүдийг үүргээ бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үр дүнд суурилсан хяналт явуулахад шаардлагатай мэдлэг, мэдээлэл хангах, өөрчлөгдөн буй өнөөгийн нөхцөл байдалтай уялдан ажлаа зөв төлөвлөх, хариуцсан ажилдаа нягт нямбай байхад чиглэж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

ХХААХҮЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Совд салбарын хууль тогтоомж, эрх зүйн актуудын биелэлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоодын аудитын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулга хийлээ

Сургалтаар хяналт, шинжилгээ, үнэлгээ, аудитын онол, арга зүйн гурав, салбарын мэдээллийн 22 илтгэл сонсох бол тухайлсан 10 сэдвээр кейс судалгааны дүн шинжилгээ хийж, сургалтад хамрагдагсад харилцан туршлага, санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлж, багаар ажиллаж байна. Тухайлбал, Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхмийн дэд профессор, доктор (Ph.D) Н.Болд “Хяналт-шинжилгээ, үнэлгээний практик зөвлөмж”, Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, мэргэшсэн нягтлан бодогч П.Оюунтуяа “Дотоод хяналтын тогтолцоо, дотоод аудитын тухай ойлголт”, Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын ахлах аудитор Д.Болормаа “Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байгаа юм. 

Мөн Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн С.Сэдэд, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Д.Цогоо, Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Н.Мөнхзул нар орон нутгийн байгууллагын ХШҮДА-ын тайлагналт, үнэлгээний сайн туршлагаа хуваалцана. 

Сургалтын төгсгөлд оролцогчдоос салбарын албан хаагчдын сургалтын хэрэгцээ тодорхойлох асуумж болон сэтгэл ханамжийн судалгаа авч, мэргэжилтнүүдийн дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн болно.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам