Малын үндэсний бүртгэл мэдээлийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход анхаарч байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.12.06 19:20


Малын генетик нөөцийн тухай хуульд "Малын генетик нөөцийн мэдээллийг нэгтгэх, ашиглах, хянах, олон улсын болон бүс нутгийн мэдээллийн сүлжээтэй мэдээлэл солилцох, хэрэглэгчийг мэдээллээр хангах үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж хариуцна" гэж заасан байдаг.

Уг чиг үүргийнхээ дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тус нэгдсэн сангийн үйл ажиллагааг тогтмол, тасралтгүй явуулахын тулд Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Энэ ч үүднээс хамтран ажиллах чиглэлээ тохирохоор ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн болон холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр (2018.12.06) ҮСХ-ны хорооны дарга А.Ариунзаяатай уулзлаа.  

Уулзалтаар нэгдсэн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход шаардлагатай маягт, зааврыг боловсруулж, ҮСХ-ны Даргын зөвлөлийн хурлаар батлуулах, малчин өрхийн мэдээллийн сангийн мэдээг тулган нягтлах, цаашлаад төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбох зэрэг асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар болсон юм.


Зохиогчийн эрх ©2018 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам