Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэй гэдэгт салбарынхан санал нэгдэв

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.12.11 23:14


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Герман-Монголын хамтын ажиллагааны хөдөө аж ахуйн төсөл хамтран аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж зэрэг 100 гаруй хүнийг хамруулсан "Тогтвортой газар тариалан" зөвлөгөөнийг өнөөдөр (2018.12.11) Чингис зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

2018 оны ургац хураалтын нэгдсэн дүнгээр нийт 444.7  мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаанбуудай, 167.9  мянган тонн төмс,  99.2  мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч буудай, төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдээд байна. Энэ жил 134.3 мянган тонн таримал тэжээл хураан авсан нь сүүлийн 30 шахам жилийн хугацаанд гарч байгаагүй амжилт юм. Тариалангийн салбарт техник технологийн иж бүрэн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, үр, сортоо шинэчлэн, хаврын тариалалт, намрын ургац хураалтын ажилд тариаланчдад төрөөс боломжит дэмжлэгүүдийг өгч ажиллан, тэдний хөдөлмөрийн үр дүнд тариалах талбай, хураан авах ургацын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Ийнхүү 2018 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн, ололт амжилт, сайн туршлагаа харилцан солилцох зорилгоор газар тариалангийн салбарынхан зөвлөлдөж байгаа нь энэ. Зөвлөгөөн тогтвортой газар тариалан эрхлэх тухай асуудалд төвлөрч, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх бодлогын хүрээнд таримлын сэлгээ, тариалалтын технологийн чиглэлээр хийсэн судалгааны ажлуудаа салбарын эрдэмтэд танилцуулж, нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тухайн бүс нутгийнхаа байгаль цаг уурын нөхцөлд тохирсон үр, сорт, суулгацыг зөв сонгон тариалах, техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэн, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлж, хөрсний үржил шимийг сайжруулан, усалгаатай тариаланг нэмэгдүүлэн, байгаль цаг уурын эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах замаар удаан хугацаанд үр ашигтай газар тариалан эрхлэхийг тогтвортой газар тариалан гэж тодорхойлж байна. Тиймээс газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэй гэдгийг салбарынхан хүлээн зөвшөөрлөө. Ингээд зөвлөгөөний зарим нэг илтгэлээс хүргэж байна.

Ц.БОЛОРЧУЛУУН: САЛБАРЫН ОЙРЫН ХУГАЦААНЫ ЗОРИЛТ, ХҮРЭХ ҮР ДҮНГЭЭ ТОДОРХОЙЛСОН

Зөвлөгөөний эхэнд ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун "Тогтвортой газар тариалангийн хөгжил" илтгэлдээ "Атрын III аян"-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүрээнд үр тариа, төмсөөр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахыг зорин ажиллаж байгаа бөгөөд "Хүнсний ногоо", "Жимс жимсгэнэ", "Малчид, ногоочдын ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаагаа дурдлаа. Газар тариалангийн салбар тэр дундаа улаанбуудай, тэжээлийн үйлдвэрлэлийн чиглэлээр 2019 онд үр тариа, тос, тэжээлийн болон буурцагт таримлын үрийн нөөц бүрдүүлж, таримлын зохистой сэлгээг сонгон нэвтрүүлэх замаар тариалангийн талбайн эзэмшилт ашиглалт, хөрсний үржил шимийг сайжруулж, ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

2020 он гэхэд үр тарианы техникийн 90 хувь, төмс үйлдвэрлэлийн 80 хувь, хүнсний ногооны 60 хувийг бүрэн шинэчлэхээр төлөвлөжээ. Усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэхийн тулд услалтын систем шинээр барьж, таримлын ургацыг программчлах аргыг боловсруулах юм. Хөрсний үржил шимийг бууруулахгүй хамгаалж чадахуйц ээлжлэн тариалах системийг нэвтрүүлнэ гэж байгаа энэ салбарын бас нэг томоохон зорилт.

Тогтвортой газар тариалан эрхлэхэд орхигдуулж боломгүй асуудал бол агуулах, зоорийн аж ахуй. Одоогийн байдлаар улсын хэмжээнд элеваторын нийт багтаамж 523 мянган тонн, үүнээс ТЭДС-нд 182 мянган тоннын багтаамжтай элеватор байна. Төмс, хүнсний ногооны 10,2 мянга гаруй зоорь байгаа бөгөөд багтаамж нь 200 мянган тоннд хүрээд байна. Цаашид алслагдсан болон хил орчмын худалдааны бүсэд элеватор байгуулж, хуучин элеваторуудын тоног төхөөрөмжийг шинэчлэн, Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн хадгалалт, борлуулалтын цогцолбор байгуулж, аймгийн төв, томоохон суурин газарт механикжсан зоориуд байгуулахаад ирэхээр 2020 он гэхэд ТЭДС-гийн элеваторын багтаамж 227 мянган тонн, зоорийн багтаамж 270 мянган тоннд хүрнэ гэж урьдчилан тооцоолсноо танилцууллаа.

Я.МЯГМАРСҮРЭН: ТАРИАЛАНЧДЫГ САЙН ҮРЭЭР ХАНГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга Я.Мягмарсүрэнгийн хувьд үр тарианы таримлын үр, сортын чиглэлээр олон жил судалгаа хийсэн бөгөөд тухайн бүс нутгийн нөхцөлд дасан зохицсон ган, халуунд тэсвэртэй, чанартай, арвин ургац бүхий шинэ сортыг тарьснаар ургацыг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэдгийг тогтоожээ. Сортуудын улсын ургацад эзлэх хувийг авч үзвэл, Дархан сорт 24 хувь, бурятская остистая 20 хувь, сэлэнгэ 13 хувь, алтайская 9 хувь, алтайская жиница 8 хувь, бусад сорт 11 хувь байна. Сортод тавигдах гол шаардлага бол ургалтын хугацаа, ургац өгөх чадавх, үрийн биохими технологийн чанар, тэсвэрлэх байдал зэрэг болно.

Одоогоор эрт болцтой халхгол-1, дархан-131, дундын болцтой орхон, дархан-34, дархан-74, арвин, дунд оройн болцтой дархан-144 зэрэг шинэ сортыг туршиж үзэх боломжтой. Мөн тариаланчид шинээр эрдэнэшиш, буурцагтан ургамал, сагадай, хатуу буудай, арвай, хошуу будаа зэргийг тариалах боломжтой бөгөөд ингэхдээ хүнс болон тэжээлийн үнэт чанар, хөрс сайжруулах боломж, бүтээгдэхүүний гарц, ургац, механикжилтад тохиромжтой эсэх, зах зээлийн эрэлт, импорт орлох зэргийг харгалзан үзэх хэрэгтэй.

Цаашид үрийг зээл, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог тогтолцоог улам боловсронгуй болгох, үрийн чанарын хяналтыг сайжруулах, сайн чанарын үрээр тариаланчдыг хангах, буудайн урамшууллыг аж ахуйн нэгжийн үрийн шинэчлэлтэй уях, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон сортыг оновчтой хуваарилж тариалах нь зүйтэй гэдгийг тэрбээр зөвлөв.

И.ОТГОНБААТАР: СЭЛГЭЭ БҮХИЙ ТАРИАЛАЛТЫН ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

ХААИС-ийн дэргэдэх Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга И.Отгонбаатар Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн захиалгаар “Монгол орны үр тарианы таримлын уламжлалт болон сайжруулсан сэлгээ бүхий тариалалтын технологи” сэдэвт судалгааны ажил хийж, дүгнэлт, зөвлөмж гаргажээ.

Ээлжлэн тариалалт нь хөрсийг элэгдлээс хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс хөрсийг элэгдлээс хамгаалах уг агротехнологийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд таримлын хөрс хамгаалах чадварт үндэслэн, сэлгээний таримлыг оновчтой сонгох нь чухал. Тариалангийн талбай элэгдэхийн хэрээр уринш, өргөн мөрт таримлын эзлэх хувийг багасгаж, олон наст буурцагт болон үет ургамлын эзлэх хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Манай нөхцөлд нэг наст буурцагт таримлууд, хоёр наст хошоон өвсийг ашиглан ногоон бордуурт уринш хийх, царгас, хүцэнгэ, ерхөг зэрэг буурцагт болон үет олон наст ургамлыг тариалсны үндсэн дээр элэгдэж, эвдэрсэн хөрсийг сэргээх, тэжээлийн вандуй, хошуу будааны холимог зэрэг ургамлыг тэжээлд тарих нь оновчтой гэв.  

Ээлжлэн тариалах систем нь тодорхой хэсэг талбайг хамарч олон жил дамжин мөрдөгддөг болохоор тариалангийн эдэлбэр газрын үржил шимийг нь бууруулахгүйгээр зөв ашиглах, нэмэгдэл зардал гаргалгүйгээр ургацыг дээшлүүлэх, хөрс боловсруулах, бордох, хог ургамал, өвчин, хортонтой тэмцэх, үрийн аж ахуйг эрхлэх, хөрсийг салхи, усны элэгдэл, эвдрэлээс хамгаалах зэрэг тариалангийн арга барилыг боловсруулах үндсэн суурь болдог учир түүнийг зөв сонгон мөрдөх нь агрономын төдийгүй эдийн засгийн чухал ач холбогдолтой гэх зэргээр олон үнэт зөвлөмж, зааварчилгаа өглөө.

ДР.АЛФОНС ГЕБЕЛ: НОГООН ТЭЖЭЭЛ ТАРИАЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ БИЙ

Зөвлөгөөнд ХБНГУ-ын Хөдөө аж ахуйн зөвлөх Др.Алфонс Гебел оролцож, малын ногоон тэжээлийг үр ашигтай үйлдвэрлэх, манай орны нөхцөлд тэжээлийн ургамал тариалах боломжуудын талаар тариаланчдад танилцуулсныг онцлох нь зүйтэй. Тэрбээр, тэжээлийн ургамлын тариалан эрхлэхдээ тэжээллэг чанар сайтай, малд идэнгитэй, ус бага зарцуулдаг, түргэн өсөлттэй, хөрсөнд хучлага үүсгэдэг, хур тунадасны чийгийг хуримтлуулдаг, уургийн агууламж өндөр, хөрсөнд сөрөг нөлөөгүй ургамлыг сонгож тарих нь зүйтэй гэлээ.

Тэжээлийг тариалахдаа хөрсний нягтрал, тариалалтын өмнөх хөрсний үрлэн бүтэц, үрлэгээний техникийн бүрэн бүтэн байдал, дахин ба давхар үрлэгээнд ашиглах борной, үрлэгээний дараа булдах зэрэгт анхаарах хэрэгтэй. Тэжээлийн үр нь соёолох чадвар сайтай, цэвэр сортын, аливаа нөхцөлийг тэсвэрлэх болон хадгалалт даах чадвартай эсэхийг харгалзан үзэхийг зөвлөлөө.

Д.ЗАНДРААГОМБО: ХӨРСНИЙ ҮРЖИЛ ШИМИЙГ САЙЖРУУЛАХ ГУРВАН ТӨРЛИЙН ҮНДСЭН АРГА БАЙНА

Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Хөрс, агрохимийн лабораторийн эрхлэгч Д.Зандраагомбо тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах арга замын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн. Тэрбээр, ургамал хэвийн ургац бүрдүүлэхийн тулд түүний амьдралд шаардлагатай ус, агаар, дулаан ба шим тэжээлийн бодисоор нэгэн зэрэг тасралтгүй хангах хөрсний чадварыг хөрсний үржил шим гэж тодорхойлж байна.

Үржил шим сайтай хөрс гэж ургамлын өсөлт хөгжилтөд хангалттай шим тэжээлийн бодисыг агуулсан, ургамал ургахад тохирсон дулааны нөхцөл бүрдсэн, шаардлагатай ус чийгийг агуулсан, ургамлын амьдралд хор хөнөөл учруулах хорт бодисууд хөрсний химийн найрлагад ороогүй, таримал ургамал, бактер, мөөгөнцөрийг өвчлүүлэх өвчин хортон агуулаагүй хөрсийг тооцдог аж. Хөрсний үржил шимийг сайжруулах физикийн аргад хөрс элдэншүүлгийг зөв сонгох, зурваслан тариалах, ойн зурвас байгуулах зэрэг багтаж байна. Химийн аргад эрдэс, шим, бактерийн бордоогоор бордох, хүчиллэг хөрсийг шохойн бордоогоор, шүлтлэг хөрсийг гөлтгөнөөр бордох аргыг хамруулж байгаа юм. Тэгвэл хөрсний үржил шимийг сайжруулах биологийн аргад ээлжлэн тариалалтыг нэрлэж болно.

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам