Монгол Улс, БНХАУ-ын Дэд сайд нарын түвшний ажлын хэсгийн 4 дүгээр уулзалт боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.12.17 9:08


Хүнсний аюулгүй байдлын экспорт-импортын хамтын ажиллагааны Монгол Улс, БНХАУ-ын хооронд 2009 онд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хоёр жил тутам болдог Дэд сайд нарын түвшний ажлын хэсгийн 4 дүгээр уулзалт 2018 оны 12 дугаар 10-12-ны өдрүүдэд Бээжин хотноо болж өнгөрлөө. Уулзалтыг Монгол Улсын талаас ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Хятадын талаас Гаалийн ерөнхий газрын Дэд сайд Ли Гуо нар даргалав.

Энэ удаагийн уулзалт нь хоёр талын байгууллагад бүтэц, зохин байгуулалтын өөрчлөлт хийсний дараа болж байгаагаараа онцлогтой байсан юм. БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн газрын чиг үүрэг нь Гаалийн ерөнхий газарт шилжсэн бол манай улсын хувьд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсний үндсэн дээр мал эмнэлгийн хорио цээрийн зарим чиг үүрэг Мал эмнэлгийн ерөнхий газарт оногдоод байна.

Гурав өдөр үргэлжилсэн уулзалтын явцад дээр дурдсан бүтцийн өөрчлөлтийн талаар харилцан тодорхой мэдээлэл солилцсон бөгөөд Монгол Улсаас тус улсад тосны ургамал, арвай, үр тариа, үүнээс улаанбуудайг экспортлоход автомашинаар тээвэрлэх, хилийн боомтын тоог нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцсэн. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, адууны дайвар бүтээгдэхүүн, хөх тариа болон буудайн төрлийн бүтээгдэхүүн экспортлох үеийн хорио цээрийн нөхцөлийг тохирох ажлын хүрээнд 2019 онд БНХАУ-ын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг манай улсад ирж ажиллахаар тохиролцлоо.

Түүнчлэн талууд мах, махан бүтээгдэхүүнийг гурав дахь улсад экспортлоход хоёр талын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх тухай 2017 онд байгуулсан Санамж бичгийн мөрөөр идэвхтэй хамтран ажиллах талаар санал нэгдсэн тун ажил хэрэгч хуралдаан болсон юм. Хуралдааны төгсгөлд цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн асуудлуудаа протоколд тэмдэглүүлэн, гарын үсэг зурж албажууллаа.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам