Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2018 оны онцлох үйл явдал, гол ажлууд

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2018.12.28 10:04


Монгол Улсын нийт газар нутгийн 73,5 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт улсын нийт ажиллах хүчний 53,9 хувь нь ажиллаж, ДНБ-ий 31,2 хувийг үйлдвэрлэж байна.

Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, хоршоо, худалдаа, нийтийн хоол гэсэн бие даасан бөгөөд харилцан уялдаа, хамтын ажиллагаа шаардсан салбарын бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах үүргийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хүлээж байна. Ингээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2018 оны онцлох үйл явдал, гол ажлуудын тухай хүргэж байна. 

САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛЛАА

Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд 2018 онд мал аж ахуйн салбарын суурь болох Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Эдгээр хуулийг дагалдах таван хуулийг ч амжилттай батлууллаа. Мөн зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулах зорилготой "Баяжуулсан хүнсний тухай" хууль ч УИХ-аар батлагдсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг базааж байна.

Газар тариалангийн салбарт дэлхийн ургамлын генетик нөөцийн сангаас чөлөөтэй ашиглаж, шинэ таримал сортыг бий болгох, нутагшуулах боломж олгодог "Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ”-г соёрхон батлах тухай хууль энэ онд батлагдлаа.

Одоогийн байдлаар Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Бэлчээрийн тухай зэрэг 10 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ. Мөн Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай, Худалдааны тухай, Тариалангийн даатгалын тухай зэрэг хуулийн төсөл, хэд хэдэн үндэсний хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийг боловсруулж байгаа юм.

Энэ бүх эрх зүйн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлснээр малын өвчлөл буурч, ноос ноолуур, арьс шир зэрэг малын гаралтай түүхий эдээ дэлхийд үнэлүүлэн, боловсруулах үйлдвэрээ хөгжүүлж, мах, сүү, улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдлээ.

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ҮР ДҮН ГАРЧ БАЙНА

"Малын эрүүл мэнд", "Үйлдвэржилт 21:100", "Ноолуур", "Жимс жимсгэнэ", "Хүнсний ногоо" зэрэг Засийн газрын дунд хугацааны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Ноолуур хөтөлбөрийн тухайд л гэхэд Хөгжлийн банкны эх үүсвэрээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 20 үйлдвэрт нийтдээ 188.2 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан үйлдвэрүүдийн самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 2017 онтой харьцуулахад 33.8 хувь, ээрэхийнх 28.6 хувь, сүлжихийнх 42.7 хувиар өсөж, нийтдээ 1570 гаруй ажлын байр шинээр нэмэгджээ. Дотоодын үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэл 3700 тонн болтлоо өсөж, түүхий эдийн бүрэн боловсруулалтын түвшин 34.3 хувьд хүрлээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, бүсчлэн хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулах, малын гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулах, экспортыг дэмжих зорилгоор боловсруулсан "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар баталсныг дуулгахад таатай байна.

МАХНЫ ЭКСПОРТ ЭРС НЭМЭГДЛЭЭ

Мах, махан бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээ 2018 оны эхний 12 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 54,9 мян тн хүрсэн нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 50 мянган тонн хүргэх зорилт биелэгдлээ. Нийт экспортолсон мах, махан бүтээгдэхүүнийг хонин толгойд шилжүүлснээр 4,4 сая толгой малыг экспортолсон нь сүүлийн 20 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Энэ нь Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээний үр дүн гэж үзэж байна. 

АРВИН УРГАЦ ХУРААВ

Монгол Улсын Засгийн газраас 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүлэв. Газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийлээ. Техникийн шинэчлэл үргэлжилж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд услалтын системүүдийг нийлүүлж байна. Хаврын тариалалт, намрын ургац хураалтын ажлыг хэвийн явуулахад тариаланчдад бүхий л талын дэмжлэг үзүүлснээр энэ жилийн тухайд урьд онуудаас тариалалт эрс нэмэгдсэн юм.

Ургац хураалтын явцад цаг агаарын олон хүндрэл гарч байсан ч оновчтой бодлого, дорвитой арга хэмжээ авсны хүчинд 2018 оны ургац хураалтын нэгдсэн дүнгээр нийт 444.7  мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаанбуудай, 167.9  мянган тонн төмс,  99.2  мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч, улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой боллоо. "Атрын III аян"-ыг үргэлжлүүлж, 2019 онд болох Монгол Улсад атар газар эзэмшсэн, газар тариалангийн салбарыг бие даан хөгжүүлсний 60 жилийн түүхт ойг угтаж, салбарынхаа хэмжээнд 60 бүтээлч ажил өрнүүлж байна.  

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ САЙТАР ХАНГАЛАА

2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах хүрээнд гарсан Засгийн газрын тогтоолыг удирдлага болгон 21 аймгийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон бусад холбогдох албаныханд хандан зөвлөмж хүргүүлж, албан даалгавар өгч, биелэлтэд газар дээр нь хяналт тавьж ажиллав.  

Улсын хэмжээнд нийт нутгаар ургамлын гарц сайн байсан учраас малчдын түвшинд нийт 1 сая тонн өвс, 16 мянган тонн сүрэл, 113 мянган тонн ногоон тэжээл, 42 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 80 мянган тонн гар тэжээл, 11 мянган тонн дарш, 107 мянган тонн давс, хужир бэлтгэлээ. "Хадлан, тэжээл-2018" болзолт уралдааныг улс орон даяар зарлаж, хамгийн их өвс, тэжээл бэлтгэсэн аймаг, сум, баг, малчдын бүлэг, хоршоо, фермерийг шалгаруулсан нь тэдний урмыг сэргээн, өвс, тэжээлийн хэмжээ нэмэгдэхэд ч нөлөөлсөн гэж үзэж байна. Өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан, өвс, тэжээлийг өмнөх жилээс их бэлтгэсэн, махаа сайн бэлтгэсэн зэрэг үзүүлэлтээр авч үзвэл зудын эрсдэл харьцангуй бага байх төлөвтэй байна.

МАЛ ЭМНЭЛГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОЛОН ТӨРЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАВ

Жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны хүртэл “Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ” жилийн ажлыг энэ жилээс улс орон даяар эхлүүллээ. Энэ хүрээнд 1990-ээд оноос өмнө мал эмнэлгийн практикт хэрэглэж байсан дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээг сэргээн хэрэгжүүлэв.

2018 онд нийт 16,2 сая малыг угаалгад хамруулсан бөгөөд энэ ажлыг эрчимжүүлж, чанаржуулах үүднээс нийт мал угаалгын зөөврийн төхөөрөмжүүдийг орон нутгуудад хуваарилсан. Мөн малын өвөлжөө, хаваржаа, уст цэг, агуулах гээд нийт 20 мянга орчим метр квадрат талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн аймаг, сум байхгүй, малын гоц халдварт өвчнөөр тайван, дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжилж байна.

ЯАМНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРОВ

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сард баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулж, малын үржил, бүртгэлийн асуудлыг хариуцсан хэлтэс хуульд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд шилжин, Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай болов. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор суманд Малын удмын сангийн үндэсний цогцолбор ашиглалтад орж, хэвийн идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгааг дурдах нь зүйтэй юм. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь малын эрүүл мэндийг хамгаалах, малын үүлдэг угсааг сайжруулах, үржил, бүртгэлийн ажлыг чанаржуулахад түлхэц болно гэж үзэж байна.   

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ТЭЛЖ БАЙНА

Мал аж ахуйн салбарыг чадавхжуулах, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих зэрэг чиглэлд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилготой олон олон уулзалт боллоо.

Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, Их Британи, Вьетнам, Унгар, Франц, Герман, Беларусь, Аргентин, Грек, Лаос зэрэг улс орон, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллага, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, хэлэлцээр байгуулсныг дуулгахад таатай байна.

Тэр дундаа Монгол Улсаас БНХАУ-д хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох асуудлаар хэлэлцээр хийж, адууны дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хөх тариа, улаан буудайн гурил зэрэг ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлохтой холбоотой эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг 2019 онд Монгол Улсад ажиллахаар боллоо. Мөн бог малын мялзан өвчний хоригийг цуцлуулах асуудлаар хоёр тал хамтран ажиллахаар шийдвэрлээд байна.

Монгол Улсын Засгийн газар 2010 онд Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсад хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой үржлийн хонь бэлэглэх тухай албан ёсоор мэдэгдэж байсан юм. Үүнээс хойш хоёр орны хооронд зохион байгуулсан өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр Лаос Улс энэ асуудлыг хөндөж, хоёр орны харилцааны нэгэн чухал сэдэв болсоор ирсэн. Олон жил ярьсан энэ асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бусад талын оролцоог ханган, бодит ажил болгож, Монгол Улсаас БНАЛАУ-д 1050 толгой үржлийн хонь бэлэглэлээ.

ОЛОН УЛС, ДОТООДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮДИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн 34 орны мал аж ахуйн салбарын төлөөлөгчид таван өдрийн турш чуулсан "Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт", Азийн 13 орны сүүний салбарынхан оролцсон “Азийн сүү үйлдвэрлэл” индэрийн удирдах зөвлөл, үндэсний зохицуулагч нарын уулзалтыг тус тус Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулав.

Уламжлал болгон зохион байгуулдаг, салбарын хэмжээнд томоохонд тооцогдох "Тариаланчдын улсын зөвлөгөөн", "Малчдын улсын зөвлөгөөн", "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсийн зөвлөгөөн", "Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн", "Намрын ногоон өдрүүд", "Монгол экспорт экспо", "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" , "Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний чуулган, "Монгол Улсын сав, баглаа боодлын үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалт" зэрэг арга хэмжээг зохион байгуулсан нь мөн л амжилттай боллоо.

"Монголын эдийн засгийн чуулган", "Монгол-Оросын санаачилга", "Дэлхийн хүнсний өдөр" зэрэг арга хэмжээнд салбарын бодлого, зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар яамны удирдлагууд тод томруун байр сууриа илэрхийлж оролцсон. Үүнээс гадна хариуцсан салбартаа тулгамдаж буй асуудлыг сонсох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор олон арван уулзалт, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, яамны албан хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалтуудыг ч зохион байгуулав.

ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭВ

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээг жилийн турш зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд 11 аж ахуйн нэгжийг хамруулан, хоол, хүнсэн дэх давсны агууламжийг тодорхой хувиар бууруулж чадлаа. Ирэх онд уг арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах замаар иргэдийн давсны хор уршгийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эрүүл, чанарын баталгаатай махыг хэрэглэгчийн ширээнд, гэмтэлгүй арьс ширийг үндэсний үйлдвэрүүдэд уриатай "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ" олон талыг оролцуулан, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаж, сар хагасын хугацаанд амжилттай зохион байгуулав. Ийнхүү малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс улс орон даяар шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны алсын хараа нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршоо, дотоод худалдаа, үйлчилгээний салбарыг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хөгжлийн шинэ шатанд гаргаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх бөгөөд салбарын бодлогыг оновчтой тодорхойлж, хэрэгжүүлэх замаар түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, импортыг орлох, экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, хамгийн чухал нь хүн амыг эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хүнс, стандартын шаардлага хангасан хувцас, хэрэгслээр хангах эрхэм зорилготойгоор ажиллаж байгаа юм. 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам