Дэлхий дахинд сав, баглаа боодол хэрэглэдэггүй салбар үгүй

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2019.01.02 10:58


Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан "Сав, баглаа боодол" үндэсний хөтөлбөрт дотоодын сав, баглаа боодол, хаяг шошгыг тогтмол хэрэглэгч, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийг жил бүр шалгаруулж урамшуулдаг болох, зөв шошготой, чанар, стандартын шаардлага хангасан сав, баглаа боодлын талаар мэдээллийн сан бүрдүүлж, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хүргэх ажлыг мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулна гэж заасан байдаг.

Уг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, дотоодын сав, баглаа боодлын салбарын борлуулалтыг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, Зөвлөлдөх уулзалтын үеэр сав, баглаа боодлын салбарын “Мөнгөн богц” шагналыг гардуулж байхаар шийдвэрлэсэн юм.

Энэ дагуу 2018 оны 12 дугаар сарын 18-нд тус зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгуулж, уул уурхай, хүнд үйлдвэр, хүнс, хөнгөн, худалдаа, нийтийн хоол гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс дотоодын сав, баглаа боодол үйлдэрлэгч, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж ирсэн хугацаа, худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүн, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажил зэрэг шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон, “Мөнгөн богц” шагналын эзнээр тодруулсан. Тэгвэл энэ удаад “Мөнгөн богц” шагналын бэлгэдлийн талаар товч танилцуулъя.

Манай орны хувьд сав баглаа боодлын анхны бүтээгдэхүүний нэг нь богц байсан учраас салбарын шагналыг "Мөнгөн богц" хэмээн нэрийдсэн бөгөөд дэлхий дахинд сав, баглаа боодол хэрэглэдэггүй салбар үгүй гэдгийг илэрхийлж бэлгэдэн бөмбөрцөг хэлбэртэй цом бүтээжээ. Цомын суурийг хаш чулуугаар, дэлхийн бөмбөрцөгийг чүнчигноров, дэлхийн туйлыг кварц, гантиг чулуу, Монгол Улсын газрын зургийг мана чулуугаар урлаж, цомын дээд хэсэг дэх богцыг 2 лангийн цул мөнгөөр цутган, манай уран дархчууд бүтээсэн болно.  


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам