Хөдөө аж ахуйн их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2019.01.11 15:54


Манай орны эдийн засгийн тулгуур салбар болох хөдөө аж ахуйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаар Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар болон Хөдөө аж ахуйн их сургуулийн үе үеийн эрдэмтэн, судлаачид, багш нар, төгсөгчид, оюутнууд оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлигт: "Мал аж ахуй, ургамал хамгаалал, газар тариалан, мал эмнэлэг, нийгэм, эдийн засгийн чиглэлийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэж, тус салбаруудыг системтэй, үр өгөөжтэй хөгжүүлэх боломжоор хангаж, сургалт судалгааг хослуулан Монгол Улсын хөдөө, аж ахуйн хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш эрдэмтдийн хичээл зүтгэлийг үнэлж, Хөдөө аж ахуйн их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай" гэжээ.

Энэхүү зарлигийг уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг сургуулийн туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч, батламж гардууллаа. Мөн тус сургуулийн эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгч, оюутан суралцагч, ажилчдад баяр хүргэж үг хэллээ. 

Хөдөө аж ахуйн их сургууль нь 1958 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 6 бүрэлдэхүүн сургууль, 5 судалгааны төв, 29 тэнхим, 129 сургалт, судалгааны лаборатори, харьяа 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, нийт 413 багш, 274 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж, 9379 оюутан суралцаж буй эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл хосолсон үндэсний их сургууль юм. Өнгөрсөн хугацаанд мал эмнэлгийн чиглэлээр 5523, мал аж ахуйн чиглэлээр 6496, инженер технологийн чиглэлээр 4995, газар тариалан, ургамал хамгааллын чиглэлээр 7846, эдийн засгийн чиглэлээр 8626 мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.

Х.БАТТУЛГА: ХӨДӨӨ АЖ АХУЙ БОЛ УУЛ УУРХАЙГААС ДУТАХААРГҮЙ ОРЛОГО ОЛОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ САЛБАР

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ: "Манай улсын эдийн засгийн суурь салбар болсон хөдөө аж ахуйг эрчимтэй бодлогоор хөгжүүлж чадвал уул уурхайгаас дутахааргүй орлого олох бүрэн боломжтой, чухал ач холбогдолтой салбар гэдэгтэй та бүхэн надтай санал нийлэх байх. Эдийн засгийг олон тулгуурт болгож тэр дундаа ажлын байрыг олноор бий болгодог тогтвортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд суурилсан аж үйлдвэрийн цогцолборыг, түүхий эдийн чанарын цогц системтэй, бизнес, эдийн засгийн үр дүнтэй стратегийн хүрээнд, гадаад худалдааны зөв зохицуулалтуудыг эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудтай хэрэгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн нэн тэргүүний төрийн бодлого болоод байна.

Бэлчээрийн даац хэтэрч, байгаль орчны доройтол эрчимтэй явагдаж, уур амьсгалын өөрчлөлт таамаглахын аргагүй төлөв байдалд орсон гээд олон асуудал байгаа боловч, гарах гарц, шийдлээ бид олж чадахгүй байна. Хөдөө аж ахуйн салбар нь өндөр хөгжсөн, энэ салбараас олон тэрбум ам.долларын экспорт хийж чаддаг улс орнуудын технологийг судалж, суурилуулж, хамтран ажиллана" гэв.

Мөн ёслолын үеэр Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга: Манай сургууль 2012 оноос эхэлж, судалгааны их сургууль болох замаа эхэлсэн. Бид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, түүний хөгжлийн онцлогтой уялдуулан, сургалт, судалгааны чанарыг сайжруулах, инновацийг хөгжүүлэх, багш, судлаач, төгсөгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагаагаа өргөтгөхийг зорьж байна” гэдгээ онцоллоо.

Хөдөө аж ахуйн их сургуулийн үе үеийн эрдэмтэн судлаачдыг төлөөлж Академич Ш.Дэмбэрэл, үе үеийн төгсөгчид, оюутан төлөөлж тус сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан н.Бат-Эрдэнэ үг хэлсэн юм.

Боловсруулах үйлдвэр хөгжвөл хөдөө аж ахуйн хөгжилд ахиц дэвшил гарч, улмаар малчин, хөдөөгийн хөдөлмөрчдийн орлого сайжрах нь дамжиггүй. Энэ үйл хэрэгт манай судлаачид, эрдэмтэн, багш нараас боловсруулсан инновацийн шийдлүүдийг ашиглах талаар бидний зүгээс үйлдвэрлэгчидтэй идэвхтэй хамтран ажиллах болно.

ХААИС, түүний бүрэлдэхүүн сургууль харьяа хүрээлэнгүүдийн дэргэд салбарын инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл хэрэглээ болгох, бий болсон мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар багш, судлаачдын санаачилгаар 20 гаруй гарааны компани байгуулан байгаа нь зохих үр дүнгээ өгнө гэж бодож байна. Төрийн дээд одонгоор шагнуулсан өнөөдрийн үйл явдал нь манай хамт олны хийж бүтээх үйлсэд урам зориг нэмсэн, сургуулийн түүхэнд тодоор бичигдэх томоохон үйл явдал боллоо гэж Академич Ш.Дэмбэрэл хэлсэн үгэндээ тодотгосон юм.

Шагнал гардуулах ёслолд оролцогчид Халуун элгэн нутаг дуу дуулж, хүндэтгэл үзүүлэв

Шагнал гардуулах ёслолын үеэр

Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаач, багш, ажилчдыг Засгийн газрын болон салбарын шагналаар шагнаж урамшууллаа

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам