Дэлхийн 75 орны Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцлоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2019.01.22 18:42


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ХБНГУ-ын Берлин хотноо 11 дэх удаагаа зохион байгуулагдсан Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн оролцов.

"Дижитал тоон үзүүлэлттэй хөдөө аж ахуй-ирээдүйн хөдөө аж ахуйд зориулсан ухаалаг шийдлүүд" сэдвийн дор дэлхийн нийт 75 орны Хөдөө аж ахуйн сайд нар чууллаа. Чуулга уулзалтын үеэр сайд нар "Дижитал тоон технологийн боломжийг тодорхойлох, ашиглах", "Цахим технологид суурилсан фермерүүдийн хүртээмжийг өргөжүүлж хамгаалах", "Мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангах", "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн бүтцийн өөрчлөлтийг хангах" гэсэн дөрвөн салбар хуралдаан болсон.  

Манай улсын хувьд "Мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангах" сэдэвт салбар хуралдаанд оролцож, энэ талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцсан юм. Дөрвөн салбар хуралдааны төгсгөлд салбар тус бүр дүгнэлтээ гаргаж, хөдөө аж ахуйд дижитал, тоон технологи, дэд бүтцийг бий болгох, хөдөө, орон нутгийг орчин үеийн дэвшлээс хоцроохгүй, тогтвортой хөгжүүлэх нь тэгш бус байдлыг бууруулах бөгөөд дэлхийн улс орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дижитал, тоон технологийн хувиргалтыг нэвтрүүлэхэд идэвхтэй оролцох нь чухал гэдгийг онцлон тэмдэглэж, санал нэгтэйгээр тунхаг бичгийг баталлаа.

ДЭД САЙД Ж.САУЛЕ ЗАРИМ ОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле ХБНГУ-д ажиллах үеэрээ ХБНГУ, Беларусь, Канад, Казакстан, БНХАУ, Франц, Монтенегро зэрэг улсын хөдөө аж ахуйн салбарын удирдлагуудтай уулзан, хамтын ажиллагааны талаар найрсаг яриа өрнүүлэв. 

ХБНГУ-ын Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ханс Йохим Фухтелтай хийсэн уулзалтын хүрээнд Монгол-Германы хамтын ажиллагааны "Тогтвортой хөдөө аж ахуй" төслийн 3 дугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд талууд идэвх санаачилга гарган, хамтран ажиллахаар тохиролцов.

Улмаар Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Германы талаас "Тогтвортой хөдөө аж ахуй” төслийг гүйцэтгэгч байгууллага болох ИАК Аграр Консалтинг ХХК хооронд төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгууллаа. Уг төсөл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт, ялангуяа газар тариалангийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт болон эрсдлийн менежментийг хөгжүүлэх чиглэлд үргэлжлэн хэрэгжих юм.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Беларусь Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Гракунтай уулзсан бөгөөд талууд тус улсын газар тариалангийн салбарт ашиглаж буй техник, тоног төхөөрөмжийг импортлоход тулгамдаж буй асуудлыг шийдэх чиглэлээр санал солилцсон. Мөн Монгол Улсад эрчимжсэн мал аж ахуйг бий болгох, үүнийг дагаад сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг хамтран байгуулах боломжийн талаар хэлэлцлээ.

Түүний НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Гразиано Да Силватай хийсэн уулзалтын үеэр энэ оны 6 дугаар сард зохион байгуулагдах тус байгууллагын Ерөнхий захирлын сонгуульд Франц болон Европын Холбоог төлөөлөн өрсөлдөж буй төлөөлөгчийн энэ салбарт авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ болон НҮБ-ын ХХААБ, Монгол Улсын хамтын ажиллагааны талаар ярилцсан.

Мөн тэрбээр, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайдтай уулзаж, хоёр орны худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь нэн чухал болохыг онцлон тэмдэглээд, яамд хоорондын хуралдааныг зохион байгуулах шаардлагатай гэдэг дээр хоёр тал санал нэгдлээ.

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам